ГАНГА НУУРАА СЭРГЭЭСЭН ч ҮЛДЭЭСЭН СУРГАМЖИЙГ МАРТАХ ЁСГҮЙ

Саяхан 2016 оны зун Ганга нуур ширгэж, Монголчууд бидэнд томоохон санамж өглөө.

И.Мөнхсаруул гэгээнтэн маань тэнгэрт мэдүүлж, бид үйл хийх зарлигаа авлаа.

23 хуудас заавар, нууцын тайлал буулаа.

Хаад, хатан (эрэгтэй, эмэгтэй) тэнцүү явах ёстой тул явах хүмүүсээ бүртгэхэд 66 эрэгтэй, 66 эмэгтэй хүн боллоо. Ингээд 2016.09.25-ны өдөр Алтан овооноос үйлээ эхэлсэн. Баруун хойд талд 4 хүчтэнээр бэлгэдэж, 4 жигүүр үүсгэн хасаар сууж үйлээ эхлэв. Алтан овоо, Ганга нуур арга билиг буюу эр, эм сахиустай аж. Алтан овоо Монголчуудын буян хишиг, жишээлж хэлбэл алтан ембүү-таваг идээ нь юм байна. Түүн дээр гарах ёсгүй. Архи буюу хар сархад өргөхгүй. Сүү, будаагаа өргөж, хормой бэлээс нь буян хишгээ авна. Алтан овоо 4 зүгээсээ буюу баруун урд, баруун хойд, зүүн хойд, зүүн урд зүгээсээ тус бүр өөр өөр буян хишиг өгнө.

Дараа нь Ганга нуураа аргадаж, учрийг тайлахад буруу тахилга, харь шашинтны хар дом, газрын суваг тасалсан буруу үйлдлээс болжээ. Ганга нуурын эзэн дайжин одсон байлаа. Уул ус бүхэн эзэнтэй бөгөөд нар, сар, од эрхэстэйгээ эрчим холбоостой. Үүнийг сэвтүүлж, тасалснаас энэ бүх гай гамшиг болдог аж. Манай тахилга энэхүү учир шалтгааныг тайлж, тэнгэр, бурхадын ивээлээр эрчмийг нь сэргээж, эзнийг нь залж, хамгаалж, далд ертөнцөөр нь зүй зохист нь оруулж өгдөг учиртай.

Шөнөдөө бид хоноглоход нуур цаад хэсгээсээ жаахан ус түрсэн байлаа. Харин 14 хоногийн дотор усаа татаж дүүрнэ гэж хэлэгдсэн юм. Яг л ёсоор болж, Ганга нуур сэргэж, хун шувуудаа амжин чуулуулсан билээ.

Биднийг тахилгаа хийхээр очиход орон нутгийн төр захиргааны байгууллагаас эхлээд ард иргэд хогийг нь цэвэрлэж, чадах мэдэх олон л арга хэрэглэсэн байсан.


Биднийг үйлээ хийчихээд сумын төв рүү ороход Ганга нуурыг насаар манасан нэгэн эрхэм биднийг угтан "Нуурыг минь та нар л сэргээж чадна, "Хас"-тай бурхад ирэх учиртай байсан юм хэмээн 21 зул мөнхлөн барьж ирсэнсэн. Үнэхээр л бид дөрвөн хүчтэн болж, хас эргэлтээр сууж, Мөнх тэнгэрийн зарлигаар энэ үйлийг хийсэн юм.

 

Уул усаа хайрлаж, амьтай, эзэнтэй гэдгийг санаж, зөв харьцаж байгаарай, буруу үйлдэл гаргаж, өөрийгөө болон үр удмаа бүү золиорой хэмээн захиж энэхүү мэдээллийг хүргэлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хурай хурай хурай 
Уухай уухай уухай

: 2017-04-03 : 776

Хамгийн их уншигдсан