ӨӨДӨӨ БОС ҮРС МИНЬ! ӨНӨД ГҮН ЭСЭД ЧИНЬ СУУСАН ӨВ УХААН ЧИНЬ СЭРЛЭЭ

Энд тэнд сэрээд, эрж нэгнийг хайгаад, бэтгэрч бас бэдрээд, битүүхэн санаашрах  Хөх толбот үрсээ хөг эгшгээр аргадан босгоё.

Хүч нэмэн нэгдэн ирэх болтугай. Хүрэх замд өнөр олуул болох болтугай.

Маргаашид итгэлгүй бол магад юунд зорином
Хойшид итгэлгүй бол холыг зорих гээд яанам 

Өнгөрснөө үгүйсгэвэл 
Өвгөдөө яахин ачилнам 
Өнөөдөө энэрэлгүй бол 
Өр зүрхтэй гээд яанам
Өөдөө бос үрс минь
Өндийх цаг ирлээ
Өнөд гүн эсэд суусан өв ухаан чинь сэрлээ 
Сэтгэлийн мухарт унасан сэрэх ухаан чинь өндийлөө
Сэмэрч бас гундсан итгэлийн даль чинь нөхөгдлөө 
Сэрүүн салхиар тэтгэгдэн 
Сэргэх цаг ирлээ
Өндийн байж тэргүүнээ өргө 
Өндөр Тэнгэрийг зорин эгцэр
Үүлэн хээгээр дүрээ илгээх 
Өв үг Их Хааныг хараарай 
Үүлэн зардасаар хээлэн даллах
Үлэмж төгөлдөр бурхдыг зориорой
Өр гүний рашаан мэлтрэн мэлмэрээд ирвэл 
Чин зүрх чинь булиглан байж догдолвол 
Үр минь чи өөртөө энэ л удаа итгээрэй 
Өмсгөл дээлээ өнгөлж, өөрийн биеэр эгцэр

Тийн уясан догдолвол 
Тэр шүү, чи минь Хөх Монголын үр 
Сэтгэл, итгэл, бие эсийг тань тамгалсан
Цагаан ястан язгуур гарвалт 
Цаад эртний алтан ургын 
Цадиг судраар өвгөдөө зорих 
Угсаа гарвалт минь болон ирээрэй 
Уудлан байж хөөрөлдөх 
Уудам Тэнгэрээ зориорой 
Урам зоригоо өнгөлж 
Ухаан бодлоор тэтгэж 
Удамт үрс минь нэгдээрэй
Эрин зуун нь өөр байв чиг 
Эргэлзэж үр минь бүү ухар
Эрэл сурал тань болсон энэ л замыг чиглэ
Энэхэн биедээ итгэл өвөрлөн 
Эр сэтгэлээ чагнаарай
Энгэр нутаг дөтлөн хүлээн суух үе биш
Ээвэр наран бараадаж бүлээцэж суух цаг биш
Идрийн жавхааг үзүүлж 
Илч гэрлийг түгээж
Иртэй хурдтай мандаарай
Ирмүүн идэр залуус минь
Уядуу үг хүлээж уйсаж суух цаг биш 
Униар утаанд дийлдэж дундарч гэлдрэх үе биш
Урам зоригоор сэргэх
Улс Монголоо бадраах 
Удамт Чингисийн үрс минь 
Уудам Тэнгэрийг зорин сэр
Жарны жавхааг гялтагнуулсаар 
Жавар тачигнах хийморьт өвлийн 
Жаргал билэгдэх энэ л өдрүүдэд
Жингэнэх хонхны жир бус чимээг
Жирэлзэн эрчлэх туурайн төвөргөөнийг 
Жиргэн байж шувууд түүчээлэхийг 
Үр минь чи харав уу 
Өнөө юу вэ гэж гэж зогтусав уу
Өөртөө итгэ 
Өндөр Тэнгэр үрсээ харж 
Өөдөө дүүлэх жигүүр хайрлахыг 
Өөдрөг итгэлээр мэдрэн баяс 
Элээх нар, элэх хоног гэж 
Эндүүрч бүү ганд
Гэгээн Дарь эх ижийгээ зорьё гэж
Гэрэлт наранд дуулган шивнээрэй 
Нарны цацрагаар замчлуулан байж 
Наашлан ирэх чигийг олоод 
Илчит Наран Ижийгийнхээ
Энгүй гэрэлт нэгэн цацраг болж 
Эгэлгүй биеийг олох болтухай
Өндөр Тэнгэр тань үг хэлнэ 
Өв, хөгжлийг зөв хослуулж 
Тэнгэр ухааны шимийг хүртэж 
Тэнүүн сэтгэлийг гэрлээр тэтгэж 
Хүйтэн жавартай өрсөлдөн чангарч
Хөх толботны хийморийг бахдаж 
Хүрэх алсаа тодруулан харж 
Жаварт өвлийн үүр цүүрээр 
Жаргалтайн дэлгэрийг угтан босоорой
Холхи одны тэр нэгэн гэрээс 
Холч мэргэд тань үүцээ илгээхэд 
Хонгор үр минь өвөрлөөд аваарай 
Холын замд гэрэл бадраах 
Хосгүй жаргалангийн хаалгаар ороорой 
Жингэнэн эрчлэх хонхон чимээ 
Жирэлзэн эрчлэх туурайн төвөргөөн
Чин зориг хүсэл тэмүүллээр 
Чимээлэн нүргэлэн айсуй

Хурай хурай хурай

(Сод мэргэн Уранбилэгт цэцэн хатан 2017.02.21. 05.20.)

Image may contain: sky, cloud, horse, outdoor and nature

: 2017-04-03 : 609

Хамгийн их уншигдсан