"МӨНХ ТЭНГЭР" УХААНЫ ГАЙХАМШИГ

Амьдрал гэдэг дэндүү богионохон. Гэтэл надад юутай ихийг өгөө вэ.

Хүн гэдэг байгаагаа тоохгүй байхгүй руу зүтгэсээр хорвоог бардаг ч юм шиг. Харин би үүнийг олж харах ухааны мэлмийгээ нээснээр үлдсэн амьдралаа эх нутаг, эцэг өвгөддөө өрөө төлөхөд зориулахаар шийдсэн нэгэн билээ.

Төрдөө 10 гаруй жил алба хаалаа. Хариуцсан ажлаа чадлын хэрээр сайн хийх гэж хичээсэн. Хүнийг зөв үнэлж, хөгжүүлж, ажиллуулж чаддаг дарга нартай таарч байсан нь өнөө цагт харин ховорхон аз завшаан. Хангалттай ч дэвшсэн. Цаашаа өгсье гэвэл "улс төр"-д орох хэрэгтэй болно. Харин юуны төлөө вэ гэдэг нь хүн бүрт адилгүй. Тэр үед би тэгтлээ алсыг харж, холыг боддог байсан гэж хэлэхгүй. Харин И.Мөнхсаруул багштайгаа танилцсанаар намайг төр, түмний төлөө их зүйл хийх ёстой хүн гэж шүлэглэн уншиж өгсөөр нэг мэдэхэд би өөрийн огт мэдэхгүй салбар болох "тэнгэр ухаан"-ы эрдэмд шамдаж эхэллээ.

Миний далдын хүсэл болох "гэгээрэх" замд минь ч нийцтэй аж. Багшийн минь хэлдэг зарим зүйл цаг үеэ олоогүй ч юм шиг санагддаг байсныг нуухгүй. Хамгийн гол нь өөрийгөө таньж, дотоодоо уудлахын хэрээр хорвоо, ертөнцийн жамыг ухаарч, жинхэнэ Монгол ахуйгаасаа гэгээрэл сэхээрлийн замыг нээдэг юм байна.

Хамгийн таалагдсан нь гадны онол сургаалийг ярьдаггүй байлаа. Бас үгүйсгэдэггүй. Өөрийгөө таньж, дотор хүн болох "сүнс"-ээ өргөхөөс эхэлдэг юм байна. Сүнсийг "сүүн-эс" гэх. "С" үсгээр төгссөн үгс биенд минь хичнээн их юм бэ. Монгол хэлний үгийн үндэс буюу Монгол бичгийн галиг тэр чигтээ ухааны далай аж. Монгол хүн амны бэлгээр гэдэг дээ. "Үг бүхэн үнэтэй Үйлдэл бүхэн цэнэтэй" гэж тэрээр сургах юм.

Монгол домын ухаан тэр чигтээ үйлийн үрийн хуулийг таньж мэдсэн ерөндөг юм байна. Зүгээр л амьдралаараа өвгөд, эмгэд минь гэгээрчихдэгийн учир энэ. Тэрхүү гэгээн зам, шилэгдсэн үнэн Зан-ШИЛ болж, шат өгсөх таны, миний гишгүүр болон өндөрссөөр биш үү. Өнөө би ажлаа хийж, гаднаас харахад хүний л ёсоор амьдарч байгаа ч тэнгэр, өвгөдийн ухаанаар дотоод сэтгэл минь хөглөгдсөн болохоор хүссэндээ хүрчих шиг.

 

Монголчууд их сонин хүмүүс юм, нэг их бүгдээрээ Бурхан болж гэгээрээд байхгүй ч үр удамдаа эргэж төрөөд л, төрөл ерөөс доройтохгүй юм гэж Түвдийн нэгэн их гэгээнтэн хэлсэн нь сэтгэлд эргэлдсээр байдаг байлаа. Үүний хариултыг Мөнх тэнгэр ухаанаасаа олсон нь сайхан. Энэ бол миний эх орон.

Би Монгол нутагт, Монгол ээж, ааваас Монгол хүн болж төрсөн. Би хэний үргэлжлэл вэ гэдгээс ухааны минь учиг хөвөрнө. Заавал даяан, бясалгал хийж, бусдаас хуулсан мэдлэгт шүтэж явах хэрэг алга юм байна.

Харин бидэнд ирсэн уламжлал, заншилд гуйвж дайвсан нь, өнөөд тохирохгүй болсон нь юу вэ гэдгийг дээд ухамсрын түвшингөөс тодруулаад мэдчих боломжийг нээж өгдөг нь миний багшийн бусдад өгдөг эрдэм. Учрыг мэдэхгүй даган дуурайх нь шинэ эринд тохирохгүй.

Бурхан багш 6 жил хайсаар нэг л өдөр модны дор сууж байхдаа гэнэт л гэгээрчихсэн юм гэнэ билээ. 
Харин Монгол ухаанаа ухах аваас амьдрал дундаас гэрэл гэгээ болон цацрах бэлэн зам байх юм. Учир нь бидний өвгөдийн амьдралаараа туулаад баталчихсан үнэн тэнд л байна.

Харамсалтай ч юм шиг, сайхан ч юм шиг нь Тэнгэр ухааны далайгаас өөрийн саваар хутгана. Хэр гэгээрч, сав чинь томорсон бэ гэдэг. Тэнгэр ухаан үнэн учир шударга юм. Бас эхлэл минь болохоор энэрэн нигүүлсэх ч юм. Бусдын төлөө гэхгүй ч бүхний төлөө гэрэл бай гэж Мөнгөн түлхүүр маань хэлдэг юм.

Агуу өвгөдийнхөө ухааныг танихтайгаа болвоос бишрэхгүй, дурлахгүй байхын аргагүй, төгс дүүрэн юм.

Улс үндэстэн бүхэнд өөр өөрийн зам бий, гэхдээ л нэг ертөнцийн хуулинд захирагдана. Түүнийг таньж зохицох ухаантай нь хэд бол. Тийм л болохоор тэнгэр бидэнд хайртай. Тэнгэр заяат Монголчууд гэдэг дээ.
Эх орон бүхэн иргүндээ үнэтэй л дээ. Гэхдээ дэндүү их үнэ цэнийг манаж, хамгаалж өвөг дээдэс минь амиа зориулж иржээ.

Хос, ганц утга, хоосон чанарт хорвоогийн жамыг таньж, үйлээ ерөндөг домд оршоож, үгээ үнэний дэнсэнд яв цав нийцүүлж, сэтгэлээ сэрэхүй, ухаарахуйн гэрлээр залан, "үлгэр" болж, үлгэрлэхүйн мөрөөр үрсээ дагуулсаар ивээгч тэнгэр үлэмжийн Бурхад болдог МИНИЙ МОНГОЛ МӨНХ ТЭНГЭРИЙН ОРОН юм шүү.

Үйлийн үрээ тээсээр, үрсээр, барсаар, үржүүлсээр, үнэний харгуйгаар үүрд аялах төрөлтөн бүхэн үлэмж амгалан, жаргалангийн төлөө өөр өөрийн үнэлэмжээр тийнхүү зүтгэдэг гэвэл үнэнд хамгийн ойр дөт замыг миний л өвгөд өртөөлжээ гэдэгт бат итгэнэм. Тэр л харгуй замыг даяарчлалын тоосонд бүдгэрүүлчихэлгүй, тодотгон өргөх нь өнөө миний эх орны төлөө хийх зүйл. Ийм л учраас миний ухаарал бусдад итгэл өгч магадгүй юм гэсэн ганц зорилгоор үүнийг бичиглэлээ.

Дээд оюуны сан, бүхнийг ивээгч хүчин, эцэг өвгөдийн бүхий л суу ухаан, засаглах эрдэмтэйгээ оршдог гэдэг утгаар би Монгол ухаанаа Мөнх тэнгэр ухаан гэж онцолсон юм шүү.

Өөрийн гэсэн гүн ухаантайгаа мэдэж, мэдэрч, үндсээрээ бахархах бахархалтайгаа өөртөө итгэлтэй оршицгооё, бас алдаагүй урагшилцгаая.

Эх орны минь эс ширхэг, эцэг өвгөдийн үнэт ясны хэлтэрхий, үнэн цусны тасархай та Мөнх тэнгэртэн учраас мөнийг таньж, мөнхөд жаргах болтугай.

"Мөнх тэнгэрийн оньс төв" ТББ-ын гишүүн С.Заяадэлгэр

: 2017-10-02 : 868

Хамгийн их уншигдсан