МОНГОЛЧУУДЫН “МӨНХ ТЭНГЭР” БОЛ ШАШИН БИШ ТӨГС ГҮН УХААН ЮМ БАЙНА

Хүрээлэн буй оршихуйгаа бид ертөнц, орчлон, хорвоо гэхчлэн нэрлэдэг. Хүн гэдэг амьтан түүнийг эзэгнэх агаад төрөх, орших, үхэхийн хүрдийг дамжих. Тэрбээр биетэй, бас сүнстэй аж. Бие нь мөнх бусыг, сүнс нь мөнхийг илтгэх. Иймд аль алиных нь хууль, жамыг дагахаас аргагүй. Үүний төгс шийдлийг би Монгол ахуйгаасаа, өвгөдийнхөө ухаанаас олсоор, өөртөө нээсээр, биширсээр.

Би гэгээрэхсэн гэж дотроо мөрөөддөг байлаа. Энэ миний сүнсний хүсэл юм билээ. Харин эзэн бие минь сайхан амьдрах, түүний тулд ажил, албан тушаал, тухлаг байр, гоо сайхан гэхчилэн хөврүүлнэ.

И.Мөнхсаруул багштайгаа таарснаар сүнсээ таних ажилд шамдлаа. Багш минь өөрийгөө танин уудалж, дотогшоо хандахын зэрэгцээ гадагшаа тэлж, бусдын төлөө тэр тусмаа эх орон, энэ дэлхий ертөнцийн төлөө томоор харах ухааныг заасаар, харуулсаар. Эндээс л би Мөнх тэнгэр ухааны шавхагдашгүй гүн хийгээд бүхнийг засаглагч түгээмэл чанар, энгийн бөгөөд агууг ухаарч, Монгол хүн болж, энэ л эжий, ааваас төрсөндөө жинхэнээсээ, ёстой л чин зүрхний угаас баярласан юм.

Товчхондоо Буддын ухаанаар "глобалчлагдаад" явж байсан намайг үнэнийг танигч- "үндэсний үзэлтэн" болгочих шиг. Буддагаас би эзэн биеэ гэгээрүүлэхийг сурсан бол Мөнх тэнгэр ухаанаас би сүнсээ сэрээн хөглөж, эзэн биеэ ч гэгээрүүлж, ний оршихуйтай нүүр тулж, түүнийг хөлөглөж, бас хөлөг нь ч болсоор, зөвхөн нүдэнд харагдах зүйлийнхээ төлөө биш ил хийгээд далд бүхний нийтлэг эрх ашгийн төлөө тусыг бүтээгч болох "том зорилготон" болчихлоо. Хамгийн таатай нь тэр ний оршихуйн хүсэл "Монгол дэлхий" аж. Өөрөөр хэлбэл дэлхийг бидний өвөг дээдэс шиг эх дэлхийгээ хайрладаг болгох. Мөнхийн үнэнд хамгийн их нийцэгч, байгаль, хүний зөв зохилдолгоог хангагч бидний өв соёлын үнэ цэнэ ийм аж. Нөгөө ногоон хөгжил. Багшийн минь надад болон бусдад өгч буй өглөг буян энэ. 
Магадгүй та яаж тэр том зорилгоо биелүүлэх юм бэ гэж асуух байх. Тийм ээ, миний тархи оюун үүнд мөхөстөнө. Эзэн биеийн тархи оюун хөгжөөд, хөгжөөд гурван хэмжээст ертөнцөөсөө давна гэж үү. Харин сүнс минь сэрсэн болохоор зүрх, сэтгэлийн минь чанадаас намайг зөвд чиглүүлэх болно. Тэр хязгааргүй чадамжтай билээ. Бурхан ч сэтгэлээс, буг ч сэтгэлээс гэнэм. Дотоод дахь Бурханаа сэрээсэн учраас итгэнэм.

Та хэн байсан ч тэнгэр хийгээд бурханлаг дотоодод чинь бий. Мөнх тэнгэрийн оньс төв маань дотоод дахь энэ л оньсоо нээхэд тань тусалдаг юм.

Шинжлэх ухаан судлаад, хүнийг амжилт олох эсэхийг яг таг тодорхойлж чаддаггүй, адил жил, орд, нэг аав ээжийн, нэг үндэстний гээд, тэр нь амжилт олно гэж яг таг тодорхойлж чадаагүй, сэтгэлзүйн үүднээс хүний харилцаанаас хамаарч байна гэсэн дүгнэлт хийсэн гэдэг. Тэгэхээр сүнсэнд учир буй аж.

Хүнд, бие хийгээд сүнснийхээ хувьд нийлбэр дүнгээрээ хамгийн "ашиг"-тай байх сонголт уг нь зөв ч яаж үүнийг тухай бүр мэдэж үйлдэж байх вэ. Харамсалтай нь бүхнийг мэдэх боломжгүй, нас ч хүрэхгүй. Орон зайд мэдээлэл хадгалагддаг хуулиар дээд оюуны сан гэж байж таарна. Түүнд хүрчихвэл ч.

Улс үндэстэн бүхэн түүхээрээ, зан заншлаараа, ахуй, соёлоороо шалгарсан үнэн мэдлэгийг дамжуулдаг. Харин бидний өвгөд, дээдэс хүний үүслийн анхдагч эхлэл хийгээд мөнхийн үнэн, жам ёсыг таньж, мөрлөж, уламжлуулж чадсанаараа хосгүй юм байна. Эрдэм хөөж дэлхийгээр нэг тойрлоо ч эцэстээ "Монголоороо байя" гэдэг дээр л буух тул үүнийг бичиглэв. 
Өөрийн юм өргүй гэдэг. Монголоороо сэргэн мандахсан.

"Мөнх тэнгэрийн оньс төв" ТББ-ын гишүүн С.Заяадэлгэр

: 2017-10-02 : 505

Хамгийн их уншигдсан