Ер бусын түүх эхэлсэн нь

 

 

Ичинноровын Мөнхсаруул нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн бөгөөд 26 жил нутагтаа цэцэрлэгийн багш, эрхлэгчээр ажилласан байна. Ингээд 2012 оны 06 сарын 17-ны өдөр тэнгэр дээр Монгол бичгээр бичсэн "бүтээл" гэсэн үг, дараа нь луу, мөн нарыг бүтэн тойрсон солонго тодрон гарахыг харснаар ээж, аавын амьд бурхад болсон энхрий бяцхан үрсийг өсгөн хүмүүжүүлж ирсэн эгэл жирийн амьдралаа өөрчлөхөд хүрсэн байна.

 

Тэр өдрөөс хойш түүний далд мэдрэхүйд тэнгэрийн даалгавар тодрон буух болсноор хувийн амьдралаа хойш тавин их хотыг зорин ирж, гагцхүү төр улс, түмэн олныхоо төлөө гэсэн итгэл, сэтгэлээр зүтгэж явна. Түүнийг Улаанбаатар хотод хөл тавьмагц Их тэнгэрийн аманд очуулж:

"Сайхан Монгол орныхоо

Салаа бүрийг уудлан харж

Сан хөмрөгийг нь арвидуулан барьж

Үгээгүй ядуусын үйлийн үрийг

Үүнээс хойш үүрд устга

Энэ л миний хэлэх үг

Эгэл түмэндээ хүргэх үйл"


гэсэн даалгаврыг тангараг болгон авахуулсан байна. Улмаар Төвхаан хийдэд очуулж, Өндөр гэгээний "өлмийн мөр"-нөөс адислуулснаар билгийн мэлмий нь тодрон нээгдэж, байгаль дэлхий ч амилан баясаж, гайхамшигт дохио тэмдгүүдийг олноор үзүүлж, итгэлийг нь бататгажээ.


Дараагийн даалгавар хоёр тоо өгч, түүнийг тайлснаар Их Хааны хүй дарсан чулуунд хүргэсэн төдийгүй дүрийг нь бүтээх хувьтай хүмүүнийг нэр, зүс хэлэн олуулсанаар тэнгэрээс түүнд л олгосон "Түлхүүр"-ийн увьдасаар тэнгэрийн тамгатай хүмүүсээ сүнсээр нь таньж олох ажилдаа шамдан оржээ.


Тэнгэр түүнд "Чи бол Их Эзэн Чингэс хааны нууцын түлхүүр" гэж хэлэн монгол гэрийн бүтэц буюу эд ангиар төсөөлөн 181 тэнгэрийн тамгатай хүмүүсийг олж, Мөнх Тэнгэрийн зарлигаар энэ цаг үеийг тохинуулахаар буусан "сахиус тэнгэртэнгүүд буюу бурхад"-ыг залж "түлхүүрдэн нээн холбох" үүргийг өгчээ. Ингээд 2013 оны 8 дугаар сарын 25-нд Булган хайрхнаас тэнгэрийн тамгыг залахад тив дэлхий, ертөнц дахиныг аврахын тухайтад 1000 бурхад залрах тухай мэдээллийг хүлээн авснаар түүний эхлүүлсэн энэ үйлийн цар хүрээ хичнээн агуу болохыг мэдэрч, эрч хүч нэмсэн юм.


Энэ хугацаанд бие сэтгэлээ тэгшлэх, хүмүүний ахуй, амьдралын аливаа саад бэрхшээлийг даван туулахаас эхлээд улам бүр чангарах тэнгэрийн тэр л их хатуу шалгуур, шүүлтийг дийлж гарахын тулд амь нас, алив бүхэн нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэх үе олонтаа тохиолдож байсан ч бусдын өмнө хүлээсэн өндөр үүрэг хариуцлага, толгой дараалан шавдуулах тэнгэрийн зарлиг, даалгаврууд ухрах эрх олгоогүй юм.


Луу жилээсээ эхэлж
Лус газраа аргадаж
Могой жилээсээ эхэлж
Мод ургамалаа бид тэтгэж
Морин жилдээ хүчээ авч
Монгол түмэн сэргэж
Өгөөмөр сайхан хонин жилдээ
Өр ширгүй хотлоороо баясаж
Тэгш сайхан бичин жилдээ
Дэлгэрч нэгэнтээ тогтоно үрс минь

гэж 2012 онд эхэлсэн энэ үйлээ тодорхойлсон бол хожим гурав, гурван жилээр нийт есөн жилийн хугацаанд түүний хүрэх үр дүнг урьдчилан харуулж, хийх үйлийг нь хатуу цаг хугацаатайгаар хэрхэн яаж гүйцэтгэхийг нь хүртэл нарийвчлан зарлигдсан байдаг.

 

Түүнийг тэнгэр нь сорьж шалгадаг ч тэр бүхнийг даван амжилтад хүрэх бүрд нь их хайр, ивээлээ хүртээж, эрдэм чадал, шид хүчийг нэмж, ахиулж дэвшүүлсээр ирсэн байдаг юм. Тэр бүхнээрээ тэнгэр бурхадыг аргадан хувь хишгийг нь буулган уул усаа амилуулж, хүн арддаа хайр энэрлийг нь түгээх үйлийг шат дараатай хийж ирсэн бөгөөд тодорхой хугацаанд нууцыг сахиж, цаг нь болоход түмэн олондээ ил тод гарч ирсэн байдаг юм.


Хүмүүний ертөнцөд төрж эгэл амьдралын тоосонд хутгалдан сайн мууг биеэр таньж мэдсэнээр түүнийг засах хувьтай амьд бурхадаа олж сэрээн татаж босгох ухааныг тэнгэр нэгэнтэй түүнд буулгахдаа:


Өөр өөрсдийн үүрэгтэй тэднийг

Үйлэнд татаж оруулахдаа

Үгүйсгэж бас хийсгэлгүй

Өмөөрч бас хамгаалалгүй

Олны хүчийг нэг барьж

Онцгойлж сайхан удирд

Зорилгоо мэдэхгүй нэгэн

Зовж зүдрэх ч цаг бий

Золбоо нь өндөр нэгэн

Цойлж гарахаар зангирч ч буй

Зориг нь ирлэгдсэн бас нэгэн

Зоргоор дайран зочилж ирэх ч бий

Арга билэг нь хослоогүй

Аваа өгөө нь тэнцээгүй

Анхаарч сонсохгүй ч нэгэн

Ажил гэж мэдэхгүй ч нэгэн

Алив бүхний цуглуулга

Ар араасаа цуврах болно

Дураар нэгнийг нь зөөлөн туш

Дутуу нэгнийг нь зөөлөн дээшлүүл

Дундуур нэгнийг нь дэм өг

Дүүрэн нэгнийг нь дундалж бас тэнцүүл

Арга ухаан хоёроо

Аргадаж тайвшруулцгаа үрс минь

Арга нь ихэдвэл

Араатан шинжид шилжинэ

Билэг нь ихэдвэл

Босоо ороолонд хувилна

Хурц нь ихэдвэл

Хараалч нэгэн болно

Зөөлөн нь ихэдвэл

Замаг болж хувирна

Эн тэнцүү тэгширч чадвал

Энэ тэнгэр чинь эвийлээд л авна

Үзсэн дуулсан нь их ч

Үгээр зөв илэрхийл

Харсан мэдсэн нь их ч

Хайраар аргадаж хэл гэхчилэн ар араасаа хөврөх арвин их ухааныг сургаж хайрласан байдаг юм.


Энэ агуу үйлийг хийхэд шантарч гундахгүй байхыг түүнд сануулан:


Нар байна чамд сар байна

Нутаг чинь байна тэнгэр чинь байна

Ахан дүүс чинь байна

Ард түмэн чинь байна

Агуу тэнгэрийн шид хүч байна

Асарлаж дэлгэрүүлэх ухаан бас байна

Асаж дүрэлзэх гал чамд байна

Урсан ундрах гол ус чамд байна

Ухааруулж сэхээрүүлэх уул хайрхад чамд байна

Уяруулж зөөллөх лус чамд байна

Уйлуулж дэлгэрүүлэх тэнгэрүүд чамд байна

Шантарч цуцашгүй хүч чамд байна

Чангаруулж сулруулах авьяас чамд байна

Бүхнээс ялгарах шударга зан чамд байна

Бүхнийг зөөлрүүлэх бүрэн их авьяас байна

Холч мэргэн ухаан чамд байна

Хотлыг холбох арга чамд байна

Хаан дээдсийг дуудах хүч чамд байна

Харсан бүхнээ зөөллөх хайр чамд байна гэж эрчилсэн байдаг юм.


Тэнгэр түүнд даалгахдаа хэн, хэзээ, хаана, юу хийх тухай тусгайлан заавар өгөх ба зарим үйлийн тайлал хожим гарч ирэх нь ч байдаг байна. Жишээлбэл 2013 оны 6 дугаар сарын 1-нд улаан хадгийг онцгойлон бэлтгүүлж амилуулсан байдаг бол дараа дараагийн үйлүүд дээр ногоо, цэнхэр хадгийг амилуулахад нь гэнэт хадаг 5 өнгөтэй байдгийг санаж тайлахад дараа дараагийн цагаан, шар хадгуудыг хаана хэрхэн амилуулахыг хэлж өгсөн байдаг. Энэ мэтчилэн нэгэн үйлийг хийснээр дараагийн үйлийн зааврыг өгдөг ба дур мэдэн нэгээхэн ч үйл хийдэггүйгээрээ хатуу дэг журамтай ажээ.

 

Зууны түүхийг минь зураасгүй тэгшхэн байлгаарай

Зуун зуунд бичигдсэн судар түүхийг минь

Завсар оруулалгүй нандин байлгаарай

Зовж зүдэрсэн ард түмнийг минь

Цочоож сэрээгээд зол жаргалыг өгөөрэй


гэхчилэн үүрэг даалгаврыг нь тодотгон үгээр урласан гайхамшигт судрууд буусаар 200 гаруй үйлийг хийсний 35 нь олон нийтэд ил тод хүрсэн билээ.


Тэнгэрийн санаа төгс үйлдсэн билэгдлээр бүтэж бэхждэг тул түүнийг зөрчихгүй бүрэн гүйцэлдүүлэх нь хамгийн чухал юм. Энэ нь хувь хүний үйл биш, хан тэнгэрийн үйл тул хариуцлага өндөртэй байж, хүн зоныхоо, хөх Монголынхоо хөгжин дэвших ирээдүйн хувь хишгийг дутаахгүйн төлөө хичээх нь тэнгэрийн тамгатай тусгай үүрэг даалгавартайгаар хүний ертөнцөд төрж буусан амьд бурхад бүхний ариун үүрэг билээ. Тийм ч учраас:


Зуун зууныг элээн байж

Зуугаад үеийг өнгөрөөн байж

Зэрэгцэн ирэх бурхад бүхнийг

Зоригжуулж би мөнхөлсөн болохоор

Зорилго юугаа та нараас нэхэж байна

Зориг хүчээ та нараас дуудаж байна ...

Буулгаж хэлсэн зарлиг бүхнийг

Буцаж ухрах эрхгүйгээр дага

Босоо Монголын буянт ардыг

Буяныг нь гүйцээгээд босгож өндийлгө

Баатарлаг энэ түүхийг

Багцалж дэлгэрүүлээд

Бадамлан асах галаа асаачихаад

Бадриун сайхан өргөөгөө босгоод

Бүхий л Монголыг бүрэн утгаар нь

Биежүүлж бүгд хөгжүүлж ав

Мянган бурхдыг магнайлан дуудаж

Мөнх тэнгэртэй элбэж мануулаад

Монгол түмний элгийг дэвтээж

Мөнхийн галыг нь тэгшилж өг гэжээ.


Тэнгэрийн их хаан зарлигаа нэгэнт буулгаж, түүнийг нь хөрст дэлхийд тэгшлэх бурхад бүхэн залран буусаар ер бусын шинэ түүх бичигдэж эхэллээ.


Тэнгэрийн Монгол мандан бадрах болтугай.


: 2015-05-28 : 3754

Хамгийн их уншигдсан