"ИХ ХАС СҮЛД" НҮТББ-аас мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ

  

Мөнх Тэнгэрийн Оньс И.Мөнхсаруул гэгээнтэний үйл ажиллагааг дэмжигч "ИХ ХАС СҮЛД" төрийн бус байгууллагаас Мөнх Тэнгэрээс заяат, хөх толбот Монголчууддаа хандан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Билгийн гэх тодотголтой Бумбын эриний босгон дээр энэрэл хайр, дээд оюун ухааны хүчээр Монголчууд бид хөгжлийн зөв замыг хүн төрөлхтөний өмнө дахин нээн манлайлах тухай гэгээрсэн мэргэд, зөн билэгчдийн бошигт өгүүлсэн байдагчлан Тэнгэрийн цаг ирж, Мөнх Тэнгэрийн Оньс И.Мөнхсаруул гэгээнтэн заларч, их үйлээ нэгэнт эхэлсэн билээ.

Гэтэл түүнийг өнөө цагийн нийгмийн бохир үзэгдлүүдтэй хутган ойлгож, мушгин гуйвуулж, Монгол түмний мандан бадрах их хувь ерөөлийг хагаслан хиртээж, ард иргэдийг төөрөгдүүлэн тэнгэрийн ариун үйлийг тасалдуулах гэж улайрч байгаа зарим ухвар мөчид хүмүүсийн явуулгыг таслан зогсоох, түүнд автахгүй байхыг сануулахын тулд энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Мөнх Тэнгэрийн Оньс И.Мөнхсаруул гэгээнтний үйл ажиллагаа тэнгэрийн зарлигаар олон нийтэд ил тод явагдаж байгаа бөгөөд түүний айлдвар, сургаалд өгүүлсэнчлэн хиргүй тунгалаг бөгөөд аливаа далд зорилгогүй билээ. Түүнийг бүрэн дүүрэн сонсож, судалж мэдсний үндсэн дээр өөрийн оюун санаагаар шүүн тунгааж, хишиг буяныг нь дүүргэн авах ард түмний эрхийг дорд үзэн, өөрсдийн ухвар мөчид санаагаар гуйвуулан тайлбарлаж, бохирлон гүтгэж байгаа бүхий л үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.

Тэнгэрийн үйл нь улс төрийн болон аливаа бусад явцуу эрх ашгийн үүднээс бус гагцхүү тэнгэрийн зарлиг, өгөгдлөөр хийгдэж буй бөгөөд аль ч нам, олон нийтийн байгууллага хамааралгүй, өөрийн сайн дурын үндсэн дээр итгэл үнэмшлээр нэгдсэн иргэд оролцдог юм. Гэтэл улс төрийн зорилготой, санхүүжилттэй мэтээр бусдын нэр хүндийг унагах, гутаан доромжлох үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь хирээс хэтэрч байна.

Эх нутаг, элгэн садан Монголчуудынхаа сайн сайхны төлөө чин сэтгэлтэй хүмүүс, "Бурхад"-ын буяны хишиг, өглөг, хүчин чармайлтаар бүх үйл ажиллагаа явагддаг бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан ёслол цэнгүүн ч мөн л түүнд оролцсон хүн нэг бүрийн дэмжлэгтэйгээр бүтсэн болно.

Их үйлийн төлөө тэнгэрийн тамгаараа танигдаж нэгдсэн сүнсний ариун тангарагтай ахан дүүсийг маань хүртэл элдвээр доромжлон гутааж байгааг дээд тэнгэр шүүж байгаа гэдгийг сануулахын ялдамд цаашид хувь хүний нэр хүндэд халдсан аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна.

Мөнх Тэнгэрийн Оньс И.Мөнхсаруул гэгээнтний хийсэн үйл, хэлсэн үг Танд таалагдахгүй, ойлгогдохгүй байгаа бол нүүрээ нуусан цахим хэрэгсэл, хэвлэл мэдээллээр бус Монгол хүний ёсоор уулзан учир холбогдлыг нь тунгаан ярилцаж, судалгаа мэдээлэлтэйгээр асуудалд хандах боломж бүрэн нээлттэй болохыг мэдэгдье.

И.Мөнхсаруул гэгээнтний үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явагддаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө болон итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх хүний эрх, эрх чөлөөний дагуу гагцхүү соён гэгээрүүлэх, тайлбарлан таниулах хэлбэрээр явагдаж ирсэн болно.

Монгол хүн бүрийн зүрхэнд дээдлэгдэж, сүнсэнд нь гагнагдсан байдаг агуу их үзэл санаа, Их Эзэн Чингис хааныхаа зарлигийг тэнгэрээс тамгалсан эзэн биеэр нь дамжуулан хүлээн авч, Мөнх Тэнгэрийн тааллыг биелүүлж, дээд оюун ухааны суу билэг, эрдэмээр их түүхийг бүтээх хувьтай төрсөн Та бүхнийхээ чин ариун сэтгэл, хурц мэргэн ухаан, хувиршгүй нандин итгэлийг дээдлэн хүндэтгэж, энэхүү мэдэгдлийг илгээж байна.

Тэнгэрийн Монгол Мандан Бадраг.

 

Бидэнтэй холбоо барих:

вебсайт: http://www.munkhtengeronis.mn

Утас: 93130081, 95021181, 91551181, 98661181.


Гишүүд, дэмжигчдээ төлөөлөн;

"ИХ ХАС СҮЛД" НҮТББ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.АТАРСАЙХАН

Улаанбаатар хот

2015.07.02

: 2015-07-02 : 3578

Хамгийн их уншигдсан