Д.Болдбаатар: Мөнх Тэнгэрийн Оньс И.Мөнхсаруул гэж хэн бэ.

Эхлэл. Ерээд оноос хойш бидний Монголчууд юу эсийг үзэв дээ. Ардчилал зах зээл, чөлөөт эдийн засаг, хэвлэл мэдээллийн болон хувь хүний үгээ хэлэх эрх, төрөл бүрийн идтэн шидтэн, бөө удган энэ бүгд бидний амьдралд тусгалаа олсон билээ.

Гэтэл олныг цочирдуулсан мэдээлэл болох 2015 оны 6 дугаар сар 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон Их эзэн хаанаа залах ёслолыг тойрсон шуугиан дуулиан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөд маргаан мэтгэлцээний бай болов. Тухайн үйл ажиллагааны талаар олон өдрийн өмнөөс мэдээлэл түгээж, бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг нээлттэй оролцуулахаар болсон юм. Тухайн өдөр нэг телевиз шууд дамжуулж, хоёр телевиз бичлэг хийж цацсан боловч, ихэнх томоохон мэдээллийн хэрэгсэлүүд ам дамжсан сургаар мэдээлэл хийж, таамаглал дэвшүүлж үзэгчдийг төөрөгдөлд оруулав.

Зөв буруу үнэн худал гэсэн олон ишт үзэл бодлын ялгаа заагийг ойртуулж, Мөнх тэнгэрийн оньс гэгээнтэн И Мөнхсаруул гэж хэн болохыг хамгийн сайн мэдэх шавийнх нь хувиар зөвхөн өөрт тохиолдсон явдал, учирсан зүйлс, үзсэн харсандаа тулгуурлан өгүүлсү. Би өөрөө ч нэгэн цагт энэ хүний талаар буруу зөрүү ойлголттой явсан учраас хэн нэгнийг буруутгахыг огт хүссэнгүй.

2013 оны хавар миний найз, зураач Б Эрдэнэбаяр манайд ирэхдээ нэгэн их мэргэн хүний тухай надад сонирхуулан ярьж намайг очиж уулзаач гэлээ. Би угаасаа лам, бөө гэж нэг их сүйд болдоггүй болохоор -Хүмүүс лам, бөөгөөр яваад л байх юм, би юу асуудгийг огт ойлгодоггүй гэхэд -Чи юу ч асуух шаардлагагүй, чамайг харж байгаад л удам судар бүх юмыг чинь хэлчихнэ гэв. Би ч мөн л үл ойшоон ор тас мартаад байж байтал наадмын өмнөхөн найз маань хөдөөгүүр явж, тэнгэрийн үйл хийж яваад ирлээ гэсээр орж ирэв.

Найз маань их л итгэл үнэмшилтэйгээр тэр хүний тухай дүрслэн ярьж, хүч шидийг нь биширсэн тухайгаа ярьсаар л байв. Уул ус, хад чулуунаас хүртэл мэдээлэл хүлээн авч чаддаг, тэр мэдээлэл нь толгой холбон шүлэглэсэн байдлаар өөрийнх нь дуу хоолойгоор илэрхийлэгддэг гэж тайлбарлав. Бөө бөөлөхийг л ганц нэг удаа харж байсан миний бие хэц хэнгэрэг барьдаггүй нэг мэргэн гэгдэх хүн тэнгэрийн үйл хийнэ гэдгийг огт ойлгохгүй гайхасхийгээд хоцорлоо. Тэгээд манайхаас гарахдаа -Дараа би чам руу утсаар ярина чи хүрээд ирээрэй гэхэд нь үгүй гэж чадсангүй - За л гэлээ. Намайг бодвол гадаад, дотоодод сургууль дүүргэсэн, бясалгалаар олон жил явж дотор ухаанаа таньсан, 14-р Далай ламыг чойжингоо буулгахыг хажуугаас нь харж, их Энэтхэг орныг өмнөдөөс нь хойд хүртэл нь бадарчилж туулсан зураачын сэтгэлийг юу тэгтлээ татсаныг би мэдэхгүй байлаа.

Ингээд 8-р сарын 10-даар нэг өдөр утас дуугарч найз маань намайг Гранд плазад хүрээд ир гэлээ. Би за гэсэндээ бантаад яваад очтол нэг том танхимд арав гаруй хүн байв. Нөгөө их мэргэн хүн нь хаана байгаа юм бол гэж нүдээрээ хайв. Тийм хүн огт алга юм шиг сэтгэгдэл төрөв. Мэргэн түргэн хүн гэдэг нь миний ойлголтоор сонин содон хувцастай, эрхи сахиустай, 10 хуруундаа бөгжтэй, лам дээлтэй эсвэл Гандангийн ойролцоо байдаг хүмүүс шиг олон дээд сургуулийн ромбо зүүсэн, доктор профессор цолтой хүнээр төсөөлөгдөж байв. Бясалгалын танхим болгон тохижуулсан энэ тасалгаанд амар амгалан уур амьсгал ноёлж, хүмүүс намуухнаар хүүрнэлдэнэ. Найзын сэтгэлийг л бодож, тэр мэргэн хүнтэй нь нэг уулзчихаад ажил дээрээ хурдхан буцаж очихыг л хүсч байлаа.

Тэвчээр алдан найзыгаа дуудаж нөгөө хүн чинь ирээгүй юм уу гэхэд -Тэр сууж байна. Өнөөдөр завгүй гэнэ, чамайг маргааш ир гэж байна гэж хэлээд цэнхэр палаажтай жижигхэн биетэй эмэгтэйг заав. Олон хүн тойруулан суулгаад ямар нэгэн зүйлийг ихэд нухацтай ярьж, бусад нь ямар нэгэн юм асууж хариулт авч байгааг би сая л анзаарав. Маш их ачаалалтай байдаг өдөрт 40-50 хүнтэй уулздаг, заримыг нь эмнэж домнодог арга засал хийж өгдөг ач буянаа хайрладаг тухай хүмүүсээс сонсов. Маргааш нь найз маань Тэрэлжийн тийшээ явж үйл хийнэ, хамт явья гэхэд нь -За яахав салхинд гараад ирье хэмээн бодож явлаа. Гэтэл хаанаас ч юм машинтай хүмүүс нэмэгдсээр 20-иод машин болчихов. Үйл хийх газраа очсон хойноо нөгөө эмэгтэй юу ч харалгүй уран яруу үгсээр толгой холбон магтаал хөвүүлж, мартагдсаныг сануулж, заримдаа анхааруулж, заримдаа зэмлэж цаг шахам уянгалуулан уншив. Цээжилсэн гэхэд байж боломгүй их урт, ер бусын цэгцтэй логикийн алдаагүй энэ үгс намайг гайхшруулж, яаж ингэж чадаад байгааг танин мэдэх хүслийг оргилуулав. Энэ уншсан зүйлийг дээд тэнгэрээс буулгаж байгаа зарлиг айлтгал гэдэг юм байна. Тэр өдөртөө би уулзаж чадсангүй. Гэвч энэ айлтгалыг дахин сонсохын тулд хаана ч очсон би бэлэн байлаа. Харин маргааш нь уулзав. Яагаад ч юм хуучин таньдаг хүнтэйгээ уулзаж байгаа мэт санагдаж, хүнийрхэх, сорьж сонжих сэтгэл огт төрсөнгүй. - Би 1181 тэнгэрийн тамгатай хүнийг олж тодруулах үүрэгтэй энэ цаг үед төрсөн хүн. Харин та тэдний нэг нь хэмээн хэлж миний тухай А4 хуудас цаас дүүрэн толгой холбож шүлэглэсэн зүйлийг хэлж бичүүлэв. Мэргэн хүнийг хараад л таних миний төсөөлөл замхран одож, бусдаас юугаар ч ялгагдахгүй эгэл жирийн дүр төрхтэй энэ эмэгтэй тэнгэрийн их хүч шидийг атгаж төрсөн, мөнх тэнгэрийн оньс, агуу их өндөр гэгээнтэн байсныг усан нүдтэй, цусан зүрхтэй миний бие тэр үед ялгаж таниагүй байж билээ. Миний шинэ түүх ингэж эхэлсэн юм. Одоо цагт билгийн мэлмий нээгдсэн олон хүмүүс гэгээнтэнийг харан таньж учран золгож, багш шавь барилдахыг харахад бахархмаар байдаг билээ.

Дурсамж. Тэр цагаас хойш бид их ч олуулаа болж, их ч олон газар нутаг, уул, усанд очиж тэгшитгэж засах, их үйлүүдийг хийж дээ. Эдгээр олон үйлийн дотроос Хархорины Эрдэнэзуу хийдийн 108 суваргыг нэг бүрчилэн тайлж уншсан олон хоногын үйл онцгой сэтгэгдэл төрүүлж, сэтгэлд хоногшиж үлдсэн байх юм. Энэ 108 суварга нь бүгд өөр өөрийн нэртэй, өөр өөрийн зориулалт үүрэгтэй байсан бөгөөд нэг суваргыг тайлан уншихад ойролцоогоор 20-40 минут зарцуулдаг байв. Бид өглөө нар тусахаас орой нар жаргах хүртэл өдөржин гадаа халуунд халж, хүйтэнд хөрч зогсдог ч нэг ч хүн ядрах залхах тухай өгүүлэл тавьж буйг сонсоогүй билээ. Нэгэн өдөрт жилийн 4-н улирал ээлжлэн өнгөрөхыг бид олонтаа үзсэн билээ. Халуун нар, хүйтэн бороо цасан шуурга эд бүгд л ээлжилдэг байлаа. Тэнгэрийн ааш араншин гэгээнтэний тайлан уншиж буй суварганаас хамаарч байгаа мэт байдаг байлаа. Зарим догшин бурхадын суварга ивээл хайраараа тэтгэж, ерөөл өргөж алдаа оноог минь сануулан хэлж, цэцэн мэргэн үгсээрээ мялаалга өргөдөг байсан бол хатуу ширүүн зүрх зүсэм үгсээр аашлан загнах суварга ч байсан юм. Бас зарим суваргыг тайлахад инээд цалгиж, уран хошин үгсээр биднийг хөгжөөдөг байлаа. Эдгээрийн дотроос Хайрын суварга нэртэй суварган дээр ер бусын инээдтэй явдал өрнөсөн санагддаг юм. Мөн Хаадын суварга дотроос Гүр хаан Жамухын буусан суварга түүхийн хийгээд хувь хүн хоорондын харилцааны нарийн учиг зангилааг хөндөж, ухааруулан хатуужуулж, бас зэмлэж, тодорхой цаг хугацаатай үүрэг даалгавар өгч явуулсан нь хамгийн тод үлджээ. Тэр даалгавар одоо болтол биелээгүй л байгаа билээ.

Би одоо өнгөрсөн цагаа дурсан бичиж байна. Тэр үед нэг л бодол миний сэтгэлийг эзэмдсэн байлаа. Анх эрдэнэ зуу хийдийг 108 суваргатай нь хамт бүтээн байгуулахдаа тухайн цаг үед амьдарч байсан өвөг дээдэс минь өөрсдөө шүтэж бишрэх, мөргөж залбирахын тулд биш ирээдүй хойч үе одоогийн бидний энэ цаг үеийнхэндээ зориулж энэ бүгдийг хийж барьж босгож, мэдлэг оюунаа шингээж үлдээсэн юм байна гэдэг нь илт анзаарагдсан юм. Мөнх тэнгэрийн оньс л зөвхөн энэ бүгдийн нууцыг тайлж чадах ажээ. 108 суваргыг тайлж амилуулах (амьгүй 3 суварга байсан санагдаж байна) энэ үйл бол гэгээнтэний тодорсон цагаасаа хойш хийсэн 280-аад үйлийн зөвхөн нэг нь л байсан юм. Бид ч яахав хурайл гэхэд хааяа хурайлаад л зогсож байна. Харин гэгээнтэн маань хааяа нэг бүлээн цайгаар хоолойгоо норгочихоод л завсарлагагүй өдөржин уншдаг байв. Тухайн үед бид дүрс бичлэг хийж, дахин давтагдахгүй энэ үйлийн үнэ цэнийг ойлгож, баримтжуулах гээгүй ч диктафон, гар утас хоёрт давхар бичлэг хийж, дараа нь хотод ирсэн хойноо дуу компьютерт шивсэн л дээ. Энэ нь 9 боть ном болсон бөгөөд цаг нь болохоор уншигчдад очих биз ээ.

Гэгээнтэнээр эмчлүүлсэн минь. 2014 оны 3-р сарын үед бид Өвөрхангай явахаар тохироод байтал 3 хоногийн өмнөөс нь миний бие өвдөж босож чадахгүй болчихов. Эм уугаад 2 хоног хэвтсэн ч тус болсонгүй зогисуулж, хамаг бие шархирч өвдөөд босохоор толгой эргэнэ. Явах машинаа тооцож хүмүүсээ хуваарилсан байсан болохоор би явж чадахгүй хүмүүсийн ажил алдуулах нь хэмээн санаа зовж юу ч гэсэн гэгээнтэнтэй очиж уулзаж үнэнээ хэлье гэж бодож машинаа асаагаад гарлаа. Толгой эргэж нүд харанхуйлаад хажуугын машин тэргийг шүргэчихгүйг хичээн гэлдрүүлсээр арай гэж гэрт нь очив. Нөгөө л таних, танихгүй олон хүн бужигнаж байдаг дүр зураг угтав. Гэгээнтэн хүмүүстэй уулзаад зав алга. Гэгээнтэн намайг харсанаа үзсэн ч үгүй засал хийе гээд сүү, арц, ганга, лаа ашиглаж нэгэн өвөрмөц засал хийв. Арц ганга үнэртэж, лааны дөл сүртэй чангаар тас тас хийн дуугарах юм. Ойролцоогоор 5 минут үргэлжилсэн заслын дараа намайг зовоогоод байсан бүх зүйл ор мөргүй алга болсон байлаа. Засал хийж байх үед нүд онгойх шиг мэдрэмж төрсөнийг л сайн санаж байна. Бүх бие хөнгөрч өргөс авсан юм шиг цовоо сэргэлэн болсон байх нь гайхмаар юм. Ингэж нэг удаа гэгээнтэнээр эмчлүүлж билээ. Маргааш өглөө нь зургаан цагт босч, их үйлийнхээ зүг урам зоригтойгоор хөлгийн жолоо залсан билээ.

И.Мөнхсаруул гэгээнтэнийг яагаад судлах ёстой вэ? Тиймээ судлах ёстой. Билгийн мэлмий нээгдсэн хүмүүс Гэгэээнтэнийг шууд хараад л таньдаг. Бөө нараас ч бас таньдаг. УБ Паласт болсон олон нийтэд буулгасан айлтгалын дараа миний таньдаг нэгэн удган над дээр хүрч ирээд Гэгээн багштайгаа намайг уулзуулж өгөөч, сая айлтгал бууж байхад миний онгод налчихаад би сууж чадахгүй маш хэцүү байлаа, арай л гэж тэвчиж суулаа гэсэн юм. Ийм жишээ олон. Бөөгийн томоохон галууд, Аянгат удганы Гэрлийн өргөөний номтын тэнгэрүүд гэдэг олон судар буулгасан хийсэн зүйлтэй хэлсэн үгтэй удган, зайран хүртэл Гэгээн багшийг даган ирсэн юм. Нэг удган Гэгээнтэний өвдөгт хүрч адис авсаныхаа дараа миний онгод намайг бүр хэвтээгээрээ сунаж мөргө гээд байсан, би олон хүнээс ичээд дөнгөж л өвдөгт нь хүртэл бөхийлөө гэсэн юм.

Гэгээнтэний өмнө ямар ч бөөгийн онгод шууд эзэн биендээ хуяг дуулгагүй хэнгэрэг цангүй буучихаад амар мэндийг нь асуух зөвшөөрөл эрдэг юм даа. Хажуугаас нь харахад энгийн залуу хүн суучихаад өвгөн эмгэний дуугаар яриад байх нь их сонирхолтой ч хэрэг болгон чагнаж байсангүй. Эдгээр бөө нар өөрийн бөөгийн онгод, өвгөд буурлуудаа дэгдээчихээд /дээд тэнгэрт нь буцаачихаад/ Өндөр гэгээнтэнтэй багш шавь болж, мянган бурхадын болон мяндагт 181 дээдсүүдийн сахиус залж, хэц хэнгэргээ орхих юм. Онгод тэнгэрүүд нь энэ Гэгээнтэн бол бидний дээр оршихуй тэнгэрээс заларсан элч, мөнх тэнгэрийн оньс мөн байна. Хэрэв миний үрийг энэ үйлэндээ зүтгүүлэх бол суудал дээшилж буй үрдээ талархаж бид нар зайгаа тавьж өгнө хэмээн улаачаа чөлөөлдөг гэнэ. Энэ хэсгийг бичихдээ би тэгдэг гэнэ ингэдэг гэнэ хэмээн сураг сонссоноо л бичив. Би өөрөө бөө биш бөөгийн талаар мэдлэг хомс тул үг хэллэгийн хувьд ташаарсан бол хүлцэл өчье.

Яг эндээс л судлах зүйл гарч байгаа юм. Ер нь бөө байсан хүмүүс шинээр сахиус залсаныхаа дараа маш хурдан цэгцэрч, гэгээнтэн лугаа адил харах, бусдыг унших чадвартай болж, судраа хурдан буулгадаг нь илт анзаарагддаг. Энэ тэнгэрүүдийн ялгааг хэн тайлах вэ? Бөө нар юунд хуяг хувцас, хэц хэнгэргээ орхиж, мянган бурхад эсвэл мяндагт зуун наян нэгэн дээдсүүдийн сахиус шинээр зална вэ? Үүнийг хэн судалж ард түмэндээ болон дэлхий ертөнцөд үнэнийг хэлж өгөх вэ?

Гэгээнтэний 2012 оноос хойш буулгасан судар ном, зарлиг, олон нийтэд хандсан үйлийн айлтгалуудыг нягтлан үзэж үнэлэлт дүгнэлт өгөх нөр их ажил судлаачаа хүлээж байгаа. Хожмын өдөр ном болгон хэвлэх цаг ирэх үед нь эмх цэгцтэй байлгах зорилгоор 20 шахам хүний бүрэлдэхүүнтэй тусгай ажлын баг гаргаж, бүх дуу бичлэгийг компьютерт шивж, хадгалахаар бүтэн 2 жил хичээн зүтгэж байгаа боловч бүрэн гүйцээгүй л байгаа юм. Эдгээр судраас эхний хэсэг нь 50 боть ном болон хэвлэгдсэн. Сонин хэвлэл радио телевиз бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд эдгээр мэдээллийг ашиглах асуудал нээлттэй байгаа. Мянган бурханы болон мяндагт дээдсийн сахиусыг эзэн биед нь залан буулгахад тухайн буусан сахиус өөрийн энэ цагт гүйцэтгэх үүргийг хэлж, ямар ямар эрдэм ухааныг ард түмэндээ өвлүүлэхээ хэлж ирдэг билээ. Гэгээнтэний шавь нар түрүүчээсээ судар номоо буулгаад эхэлсэн байдаг. Миний бие өндөр гэгээнийг яагаад бүсгүй хүн болгон төрүүлсэн хийгээд үүрэг зорилгынх нь тухай өөрийн сахиусны айлдсан судрын хэсгээс товчлон хүргэе.

....Хаан тэнгэрийн алтан түлхүүрийг

Хайрлаж та нар минь ачилж яваарай

Харанхуйн дундаас гэгээ болж

Хүй орчлонг гийгүүлэх юм шүү

Өөдөсхөн жаахан түлхүүр бол

Өндөр тэнгэрийн хишиг юм шүү

Өндөр их суудалтай

Өргөмжлөгдөж тодорсон гэгээн шүү

Өнө мөнхийн саруул ухааныг

Өлгийдөж та нарт өгөх юм шүү

Өсгөж та нар авах юм шүү

Өөд нь өргөж дэлгэрүүлэх юм шүү

Бүлээн хайраа бүхэнд түгээх гэж

Бүсгүй заяанд төрсөн юм шүү

Бүтэн жаргалаар бүгдийг ивээх

Бүүвэйн дуутай эх хүн шүү

Хар дайны хаалгыг

Хаан хүн нээдэг юм

Хайрлах энэрэхүйн сэтгэлийг

Хатан хүн ивээдэг юм

Илд сэлэмний хүчээр биш

Энэрэл нигүүлсэхүйн шидээр

Энэ цаг үе тэгшрэх ёстой

Ирээдүйн замыг заах ёстой

Эхийн сэтгэлээр хайрлаг гэж

Эжий сэтгэлээр тэврэг гэж

Эм хүний заяанд төрүүлж

Энэ замбуулинг бүүвэйлүүлсэн юм

Мөнх тэнгэрийн зарлигийг дамжуулж

Мөрөөдөл хүслийг чинь биелүүлэх юм шүү

Мөнхрөх хувьтай ард түмнээ

Мөрөөрөө дагуулах элч юм шүү

Буурал сайхан эх оронд минь

Буянтай олон газрууд бий

Бурхан заяатай та нар минь

Буцааж тэднийг амилуулах юм шүү

Муу юмнаас сэвтэх вий гэж

Манаж түүнийгээ цоожилсон юм

Ариун газрын цоож зөвхөн

Асар тэнгэрийн түлхүүрээр тайлагдана

Амилж өндийсөн тэр шүтээнүүдээс

Арвин буян дэлгэрч түгнэ

Тэнгэрийн түлхүүр гэдэг нь

Тэнгэрийн шид хүч юм

Тэнгэрлэг Монгол гэдэг нь

Тэргүүлэх тавилан юмаа

Буруу бүхнийг залруулж

Буртаг бүхнийг ариусгах гэж

Буяны мөрийг дээдэлж

Бузрын сэтгэлийг тонилгох гэж

Буурал түүхтэй Монголдоо

Бууж ирсэн юм шүү ............. 2014-04-23 9 цаг 30 минут. /Билгүтэй мэргэн/

Судар буулгахад зөвхөн сахиусны үгийг л бичихээс биш өөрийн эзэн биений санааг оруулах үг дайхыг хориглодог билээ. Энэ сударт гэгээнтэнийг тэнгэрийн түлхүүр гэж хэлсэнээр нь буулгасан байгаа.

Байгал дэлхий орчлон ертөнцөө байтугай, өөрийгөө танин мэдэж чадаагүй хүн төрөлхтөн үл ойлгогдох зүйлтэй өдөр бүхэн учирч, өглөө болгон тааралдах ажээ. Гэвч өөрийн үл ойлгох зүйлийг буруу зөрүү, худал хуурмаг гэж тайлбарлах нь өөрт нь төдийгүй өрөөл бусдад халтай байх аж.

Өнөөгийн шинжлэх ухаанд хүний тархины талаар ямар ч ойлголт байдаггүй хэрхэн яаж бодож сэтгэдэг, мэдээлэл хадгалагддагыг бүрэн тайлж чаддаггүй. Тиймээс тархийг хар хайрцаг хэмээн томьёолоод орхисон байдаг билээ. Хүмүүний таних мэдэхүйн хоёр л арга байдаг. Энэ нь дотоод ертөнцөө танин мэдэх, гадаад ертөнцөө танин мэдэх гэсэн хоёр арга юм. Дотоод ертөнцөө танин мэдэх гэдэг нь хүн эхэлж өөрийгөө танин мэдээд түүгээрээ дамжуулан буй бүхнийг ойлгоход тулгуурласан бясалгал иог гэх мэт өөрийгөө хөгжүүлэх техникүүд, гадаад ертөнцөө танин мэдэх гэдэг нь өнөөгийн ШУ-ны судалгааны арга замуудыг хэлнэ. Тэгвэл дээд оюун ухаантай холбогдож мэдээлэл хүлээн авч дамжуулж буй И.Мөнхсаруул гэгээнтэний энэ үзэгдлийг хэрхэн тайлбарлах вэ. Шавь нар нь ч өөр өөрсдийн тэнгэрийн өгөгдлийн дагуу судар буулгаж, биегүй үнэнийг бичиж тодруулж эхэлсэн билээ.

Андгай тангараг. Өндөр гэгээн Занабазарыг өтөл настай болсон үед нэгэн шавь нь, таныг жанч халсаны дараа бид таны лагшин дүрийг хэрхэн бүтээх вэ гэж асуухад: "Миний дүрийг ууц таллаж буйгаар бүтээгээрэй, би хожим ирж ард түмэндээ хишиг буянаа түгээх болно" хэмээжээ. Одоо энэ цаг дор Өндөр гэгээн ард түмэндээ амласан андгай тангарагаа биелүүлэхээр ийнхүү залран ирж, төрийн их хаанаа тодруулан түмэн олноо түвшитгэн засахаар буусан ажгуу. Өвөрхангай аймгын Есөн зүйл сумын ард орших Өндөр гэгээний өргөөнд энэ андгай тангарагыг анх тайлан хэлж өгсөн билээ.

 

Дэлхийд үүнээс өөр хутга бариад ууц таллаж буй бурхан байдаг гэж үү. Мянган бурханы болон мяндагт дээдэсийн сахиус зална гэдэг нь тэнгэрийн өмнө, төр ард түмнийхээ өмнө, зорилго нэгт ахан дүүсийнхээ өмнө, буулган авсан сахиусны өмнө хүлээсэн нөр их үүрэг хариуцлага юм.



2015 оны 6 сарын 28-нд юу болсон бэ?

Юу болж өнгөрсөн талаар мэдэхийг хүсч байгаа хүмүүс бий гэдэгт итгэнэм. Их хааны нэрийг энэ удаа албан ёсоор ард түмэндээ зарлаагүй ч зарлахгүй гэсэн үг биш. Яагаад энэ удаа зарлахгүй вэ гэдгээ дэлгэрэнгүйгээр маш тодорхой тайлбарласан билээ. Энэ өдөр буусан зарлигийг бүрэн эхээр нь хэвлэн нийтэлсэн буй. Тухайн өдрийн зарлиг бууж байх үеийн цаг агаар, нар ямар ер бусын гайхалтай байсныг тэнд хуран цугласан олон түмэн гэрчлэх биз ээ. Дараагийн товлосон хугацаанд Дээд тэнгэрийн зарлигаар Их хааны нэр тодорсоны дараа Монгол улсад юу өөрчлөгдөх хийгээд Их хаан хэн байх вэ гэдэг асуултыг их сонирхож байгаа. Хүмүүс өөр өөрсдийн сэтгэлд хийсвэр нэгнийг бүтээсэн байх. Хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн далайд сэлэх энэ цаг үед хэн ч байсан ард түмний сэтгэлд 100 % нийцэхгүй нь тодорхой. Эрчим энерги нь шинээр үүсэн бий болдоггүй бас устаж алга болдоггүй билээ. Иймээс 800 жилийн өмнө амьдарч байсан Чингис хааны дээд оюун санаа эрчим энерги (сүнс, мөн чанар) тэнгэрийн тамгатай эзэн биедээ л буух нь тодорхой гэж сэтгэнэ. Бидэнд цорын ганц эрх ашиг бий, түүн хүрэх арга нь бол эв нэгдэл. Тиймээс Мөнх тэнгэрийн оньс, Өндөр гэгээнтнээр дамжуулсан дээд тэнгэрийн зарлигаар тодорсон Их хааныг хүндэтгэн хүлээж аваад хэлэх үг, хийх үйлийг нь хараад үзэхэд аяндаа өөрөө танигдах бус уу.

Монгол улс үзэл санааны удирдагчтай болж, чиглүүлэх үнэн өөрөө тодрон гарч, одоогийн энэ улс төр, нийгэмд үүссэн зохиомол хямрал, задрал бутрал арилах биш үү.


Бошго зөгнөл: Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Ийсусийн үед амьдарч байсан иш үзүүлэгч Иоханны зөгнөлөөс:

" ...ЭНЭ МЯНГАНЫ ШИЛ ДАРЖ ИРСЭН

ШИНЭ МЯНГАНЫ ТӨГСГӨЛ БОЛОХОД

БҮХ ЗҮЙЛИЙН СҮНСИЙГ ХҮМҮҮС ТАНЬЖ МЭДНЭ

БҮР ЧУЛУУ, УС, АМЬД БҮХНИЙГ ОЙЛГОЖ

ӨӨР ХҮМҮҮСИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ТАНИНА

ЭРТНИЙ БУРХДЫН ХАДГАЛСАН НУУЦАД НЭВТЭРЧ

ШИНЭ АМЬДРАЛЫН ЭЭДРЭЭТ ТАСАЛГААНЫ

ҮҮД ХААЛГА БОЛГОНЫГ ОНГОЙЛГОЖ ЭХЭЛНЭ

ХҮН БҮТЭЭГЧ БОЛНО

ХҮЧТЭЙ, МЯТАРШГҮЙ ЭХ БУЛАГ МЭТ БОЛНО

БҮГДИЙГ МЭДЛЭГЭЭР ГИЙГҮҮЛЖ

ҮР ХҮҮХДҮҮД НЬ ӨМНӨ БАЙСАН ХЭНЭЭС Ч ИЛҮҮТЭЙГЭЭР

ГАЗАР ТЭНГЭРИЙГ ТАНЬЖ МЭДНЭ

ТҮҮНИЙ БИЕ ТӨГӨЛДӨР БОЛЖ

ОЮУН САНАА НЬ МЭРГЭНЭЭС МЭРГЭН БОЛЖ

БҮГДИЙГ ЗАХИРНА

            ЭНЭ МЯНГАНЫ ШИЛ ДАРЖ ИРСЭН

            ШИНЭ МЯНГАНЫ ТӨГСГӨЛ БОЛОХОД

            ЭРЧҮҮД ХЭМЖЭЭЛШГҮЙ ХААНЧЛАЛАА АЛДАЖ

            ЭМЭГТЭЙЧҮҮД ОЧИРТ ТАЯГИЙГ ЗЭРЭГЦЭН ӨРГӨНӨ

            ИРЭХ ЦАГИЙН ЭЗЭГТЭЙ НАР БОЛЦГООНО

            НЭГЭН ЗҮЙЛИЙГ БОДОЖ ЭРЧҮҮДИЙГ БҮТЭЭГЭЭД

            ӨНӨӨГИЙН МЯНГАНЫ АРААС ИРСЭН ТЭР МЯНГАНЫ ИЖИЙ НЬ БОЛНО

            ЧӨТГӨР ЭЗЭГНЭЖ БАЙСАН ӨДРҮҮДИЙН ДАРАА

            ЭХИЙН ЗӨӨЛӨН СЭТГЭЛ УРСАН ТҮГЭХ БОЛНО

            ЭНЭ МЯНГАНЫ ДАРАА ИРСЭН МЯНГАН

            ГЭНЭТХЭН Л АЯДУУ ЗӨӨЛӨН БОЛНО

            ХҮМҮҮС ДАХИАД ДУРЛАЛЦАЖ

            ХҮҮХДҮҮД ОЛНООР ТӨРЖ

            ДАХИАД Л МӨРӨӨДӨЦГӨӨХ БОЛНО

            ДАНДАА ТЭР НЬ БИЕЛЭХ БОЛНО

ЭНЭ МЯНГАНЫ ШИЛ ДАРЖ ИРСЭН

ШИНЭ МЯНГАНЫ ТӨГСГӨЛ БОЛГОХОД

ХҮН ДАХИН ТӨРНӨ

ОЮУН САНАА БҮГДИЙГ НОЁЛЖ

ОЛОН БҮГДЭЭР АХАН ДҮҮС БОЛЖ

ЗЭРЛЭГШЛИЙН ХУГАЦАА ДУУСНА

ЭНЭ МЯНГАНЫ АРААС ШИЛ ДАРАН ИРЭХ

ТЭР МЯНГАНЫ ЭХНИЙ ХАР ӨДРҮҮДИЙН ДАРАА

АМЬДРАЛ ИТГЭЛИЙН ШИНЭ ЦАГ БОЛЖ

АЗ ЖАРГАЛТАЙ ӨДРҮҮД ЭХЭЛНЭ

ХҮН ЗӨВ ЗАМАА ДАХИН ОЛЖ

ХӨРСТ ЭМХ ЖУРМЫГ ДАХИАД МЭДЭРНЭ

            ЭНЭ МЯНГАНЫ ШИЛ ДАРЖ

            ШИНЭ МЯНГАН ИРЭХЭД

            ЕРТӨНЦИЙН МӨХЛӨӨС ГАРАХ ЗАМ НЭЭГДЭЖ

            ОЙ МОДОД ЭРГЭН УРГАЖ

            АНГАСАН ЦӨЛИЙН ЦАНГАА ТАЙЛАГДАЖ

            АНХНЫ ЦЭМЦГЭР ДҮР НЬ СЭРГЭНЭ

            ДЭЛХИЙ САЙХАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛЖ

            АМЬД БҮХНИЙГ ХҮН ХҮНДЭЛЖ

            ЭВДСЭН СҮЙТГЭСНЭЭ ЭРГЭН ЗАСЧ

            ЭНЭ ДЭЛХИЙГ ЭХ ОРНОО ГЭЖ ТООЦОН

            ИРЭХ МАРГААШИЙН ТУХАЙ УХААЛГААР БОДОЦГООНО"...       


Ирээдүйн тухай сайхан төсөөлөл. Сайнаас гагцхүү сайны л үр дэлбээлнэ. И.Мөнхсаруул гэгээнтэний хийж буй энэ үйл гэгээн саруул үзэл санаа болон дэлгэрч, дээд оюун ухааны гайхамшгаар ертөнцийн хуулийг танин мэдэж түгээснээр шинэ ирээдүйг Монголд төдийгүй дэлхий дахинд авч ирж болох юм гэсэн өөдрөг мөрөөдлийг дор хаяж Та бүхэнд өгөөсэй гэж хүсэж байна. Өнөөгийн дэлхий дахин хөгжлийн тулгуур үзэл баримтлал үгүй болж, мухардалд орсон тухай ярьж байна. Дэлхий ээжээ хайрлаж биш, уралдан булааж, дээрэмдэж амьдардаг сэтгэхүйн гацаанаас гарч, түүнд зохицсон зүй тогтлын дагуух илүү гэгээлэг, оюунлаг шинэ хөгжлийн замаар урагш замнах цаг ирсэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Түүний буулгасан айлтгалуудад энэ бүхэн тусгалаа олсон байдаг билээ. Энэ бүх үйл явц бол байгалын үзэгдэл хэмээн өнөө хавар буусан нэгэн зарлигт тодорхой ойлгомжтой тайлбарласан билээ. Шинжлэх ухааны өндөр түвшинд хүрсэн хэмээн өөрсдийгөө өргөмжлөх боловч байгалийн хараат хэвээрээ л байгаа. Шинжлэх ухааны хөгжил нь энергийг ямар аргаар ямар технологиор гарган авч байгаагаас шууд хамаарна. Судлаач Ч.Эрдэнэ "Супер нэгдлийн онол"-ыг боловсруулан санал болгож байна. Энэ онолоос одоо бидний төсөөлөх ч үгүй байгаа олон шинэ технологи урган гарах нь ойлгомжтой. Ч.Эрдэнэ гуайн Супер нэгдэлийн онол нь дээд оюун санааны өгөгдлөөр хийгдсэн бүтээл гэж би ойлгодог. Гариг ертөнцтэй харьцуулахад бид хөгжлийн маш доод шатанд байна. Цэвэр эрчим хүч гаргаж авч чадсан цагтаа л хөгжилийн доод гишгүүрт хөл тавьлаа гэж тооцоорой гэсэн захиас бий. Цэвэр эрчим хүч гэдэг нь оршихуй хийгээд байгаль орчинд хор нөлөөгүй гэсэн үг байх. Тиймээс одоо хүн төрөлхтөнд цэвэр ШУ-ныг хөгжүүлэх асуудал нь туйлын тулгамдсан зорилт болж байна.

Хүн байгалийн бодьгал, дээд ухамсрын тусгал атал түүнээсээ улам тасрахаар тэмүүлсээр. Өндөр хөгжилтэй гэгдэх орнуудын хүн амын дийлэнх нь 100-хан жилийн дотор зүгээр л хүн сүрэг болж, бие организм, сэтгэлгээний хийгээд оюуны чадавхийн хувьд уналаа. Өөрийн бүтээсэн компьютер, техникийн хараат болж, илүүдэл жин, эрдэс бодис, эрчим энергийн дутагдалд орж, "хүн" биш болж эхэллээ. Энэ мөхөл биш гэж үү. Байгальтайгаа хамгын ойр оршдог гэгддэг дэлхийн сүүлчийн нүүдэлчин ард түмнүүдийн нэг Монголчууд бидэнд шинэ мянганы хөгжил дэвшлийн арга замыг тодорхойлох, өөрчлөн залруулах хувь тавилан ноогдсон биш биз гэдэг талаас бас бодоод үзээрэй.

Бидний цөөхөн Монголчууд бие биенээ л хайрлах учиртай.

Д.Болдбаатар

: 2015-07-17 : 3566

Хамгийн их уншигдсан