Хаан сахиус залсаны учир /1 дүгээр хэсэг/

Хайду Хааны аав Хачу Хүлэг

Нэгэнт л Тэнгэрийн ахан дүүс буланд зочноор орж өөрийгөө танилцуулах гэж буй учраас өөрийнхөө өвөг дээдэс, овог гарвал, удам судраа аль болох тодорхой бичихийг хичээлээ. Мэдээж өөрийн овгийн ургийн бичиг, удам хойч үедээ үлдээсэн судар ном, өөрийн ахан дүүс, төрөл садангийн аман яриаг ч ашиглаж бичсэнээ бас дурдъя.

Би элжигэн овогт өөлд хүн л дээ. ӨӨЛД ( өгэлэд ) - гэх нэр нь Монголын нууц товчоонд гардаг өгэлүн эхэ, өгэлэй чэрби, өгэдэй хаган гэдэг үгстэй язгуур нэг, их, том, өсгөлүүн, ахмад гэсэн утгатай үг гэж эрдэмтэн Ж.Төмөрцэрэн, А. Очир нарын санал нь илүү бодитой юм гэж үздэг бөгөөд Дөрвөн Ойрдын доторхи гол тэргүүлэгч аймгийн нэр ба нийт ойрадыг төлөөлсөн нэр ажээ.

Элжигэн овог нь Монголын эртний сурвалжит элжигэн аймгаас үүссэн бөгөөд түүхийн явцад, дайн байлдааны үед энэ аймаг тарж бутарч олон газар нутаг,орон дамжин нүүдэллэж явсан бололтой. Элжигэн аймаг нь эртний язгууртан Монгол аймгуудтай хамт зэрэгцэн оршиж нүүдэллэн байжээ.Элжигэн нар нь Чингэс хааны өвөг дээдсийн харъяат 13 хүрээний нэг болж явжээ.Энэ бол Чингэс хааны байгуулсан Их Монгол улсаас өмнө Элжигэн нар нь язгуурын Монгол аймгуудтай хамт зэрэгцэн оршиж байсан гэсэн үг.

Чингэс хааны Их Монгол улс дэлхийг байлдан дагуулж, захирч явах үед Дундад Ази, Персийн булан буюу Ойрхи Дорнодыг Их Эзэнт гүрнээ төлөөлөн захирч явсан Элжигэдэй ноён элжигэн аймгийн гаралтай хүн байсан гэдэг. Хожим 17-р зуунд Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз хүүхдүүддээ харьяат албат нараа хуваарилж 2-р хүү Ноёнтойд элжигэн нарыг харъяалуулжээ.Тэд Хангай Нурууны хавьд одоогийн Архангай аймгийн хойд талаар нутаглаж байгаад Алтайн Нуруунд, мөн нэг хэсэг нь Хан-Хөхий ууланд нүүдэллэн очиж Засагт Хан аймгийн харъяат хоёр хошуу болсон түүхтэй. Энэ 2 хошуу нь Ардын Хувьсгалын дараа хүртэл Хан Хөхий уулын Элжигэн хошуу нэртэйгээр оршиж байгаад сүүлд Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай зэрэг хэд хэдэн сумууд болон хуваагдсан байдаг. Бидний овог болох элжигэд овог бол энэ элжигэн аймаг, хошуудын тасархай бөгөөд одоогийн Архангай, Баянхонгор аймгуудын нутагт үлдсэн өөлд хошуудаас тусгаарлан улмаар Цамбагарав хайрханы өвөрт ирж суурьшсан, өөлдүүдийн нэгэн овог одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум миний төрсөн нутаг юм.

Элжигэн гэдэг үгийн утга нь түрэг хэлний эл-тиген гэдэг үг нийлж бүтсэн нэр гэж ихэнх судлаачид үздэг ба энэ нь хааны, эзний шадар хүн, өөрийн хүн гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Ер нь тиген гэдэг нь хааны хүү, хааны гэр бүлийн хүний нөхөр, дотно хүн гэдэг утга илэрхийлдэг юм байна. 9-10 зуунд зах хязгаарын улс аймгийг хааны түшмэлээр захируулан албан татвар авдаг байжээ. Энэ хүнийг элжигэн хүн гэж нэрлэдэг байсан бөгөөд түүхийн явцад яваандаа элжигэн овгийн нэр болсон юм гэж эрдэмтэд бичсэн байдаг.

Энэ дашрамд дурдахад Хан Хөхий уулын элжигэн хошуунд "Чингэс хааны цагаан сүлд" туг уламжлагдан хадгалагдаж үлдсэн байдаг бөгөөд Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн таньж зөвлөснөөр 1963 онд Улсын Төв Музейд хүлээлгэн өгчээ. Энэ тугийг үе уламжлан тахиж хадгалж ирсэн сүүлчийн тугчийн зээ Сүхийн Тойвгоо гэдэг хүн энэ талаар тодорхой бичжээ. Энэ тугны тахилгыг Хан Хөхий Хайрханы тахилга нэртэйгээр 2007 оноос эхлэн Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилга болгосон түүхтэй юм байна. Чингэс хааны энэ цагаан сүлд одоо Төв Музейд хадгалагдаж байна. Энэ тугийг манай элжигэн овогт олон түмэн нар хадгалж, хамгаалж, авч үлдсэн нь бидний нэгэн бахархал юм.

Үүнээс ургуулан бодоход элжигэн овгийн бид нар Монголын сурвалжит нэгэн том аймгийн нэгээхэн хэсэг юм аа. Бидний овог нэгт элжигэд нар Их Эзэн Чингэс хааны цагаан сүлдийг Монгол улсыг доройтож явах үед ч алдалгүй хадгалж, хамгаалж ирсэн үнэхээр л хааны өөрийн, дотнын ард олон гэдэг нэрээ өргөж ирсэн эх орончид болох нь тодорхой.

1600 -аад оны үеэс эхлэн Ази тивд хүчирхэгжин улс гүрнүүдийг ээлж дараалан эрхэндээ оруулж байсан Манж Чин улсын эсрэг Монгол орноо, Монгол нутгаа бүхэлд нь хамгаалахаар боссон Галдан хааны их цэрэгт бидний Өвөг Дээдэс олон үндэстэн ястангуудын хамт тэмцэлд боссон нь бидний үнэн түүх билээ. "Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэсэн их хаадын зарлиг тушаалыг биелүүлэхийн төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж, тэр хирээр зовж ядарч, хэлмэгдэн бутарч явсан ч үе үеийн эх орончдын өлгий цасан дуулгат Цамбагарав хайрхан уулаа түшиж нутагласан ухаант Өвөг Дээдэсдээ мөргөн залбирюу.

Одоогоор бидний мэдэх хамгийн том өвөг эцэг бол Чойвол юм. Чойволын хүү Дамиа, Дамиагийн хүү Палаан, Палааны хүү Нанжид, Нанжидын хүү Жимбэжамц, Жимбэжамцын хүү Отгонбаатар,Отгонбаатар нь Батбаяр, Ганбат хоёр хүүтэй юм.

Миний өвөг дээдэсийн минь нэг Чойвол нутагтаа нэр нөлөө бүхий, эх оронч үзэлтэй, манж хятадуудын дээрэнгүй занг үл тэвчдэг, хурц ширүүвтэр зантай, их шударга, хэлэмгий хүн байжээ. Тэр үедээ Өөлдийн хошуунд суман занги байсан бөгөөд манжаас томилогдсон төлөөлөгчийг нь буруутган шийтгэсэн гэдэг. Үүнд манжийн хааны төлөөний хүмүүс нь бухимдаж суман зангийн ажлаас нь буулгажээ. Ард түмний дотор түүний буусан явдлыг далдуур эсэргүүцэн манжийн эсрэг бодол газар авах янзтай болоход манжийн хааны хүчтэй хараалчийг ирүүлж, Чойволд хараал хийлгэн хойшид долоо үед нь хааж байсан юм гэдэг. Ингэж Манж Чин улсын эсрэг бодол санаа өвөрлөсөн хэнийг ч яаж ч чадна гэдгээ харуулж ард олны зүрх сэтгэлийг нь мохоодог байсан байжээ. Ер нь энэ үед ямар хүнд үе байсныг бид ном судраас их уншиж байсан бөгөөд тэнгэр удам судартай гэх айлын долоон хүүг долууланг нь хүйс тэмтрэн удам хойч үед нь нөлөөлж, тэнгэр үзлээс нь холдуулахын тулд уул, усыг нь хүртэл тусгай зан үйл болох гахайн толгой тавьж хаадаг байсныг эргэн санахад үнэхээр гашуун түүх юм.

Тэрээр суман зангиасаа буусны дараа ч нэр нөлөө ихтэй, энд тэндэхийн албан тушаалтнуудтай холбоо харилцаатай байсан бололтой. Нэгэн удаа Өөлд нутгаас тэнгэр эзэнд элч (зарж) бараалхаж юм хүргүүлэхээр хүмүүс томилуулж явах болоход өвөг эцэг Чойвол өөрөө жижиг шат гараараа хийж, тэнгэр эзэнд миний нэрийн өмнөөс үүнийг өргөөд мэнд хүргэчихээрэй гэжээ. Элч ч тэнгэр эзэнд бүх зүйлээ өргөж барьчихаад хэлэх, ярих зүйлээ дуусаад Чойволын өгсөн дамжуулсан ийм хачин зүйлийг яаж том эзэнд барих вэ дээ гэж бодоод үлдээчихжээ. Ингээд явахаар босох үед тэнгэр эзэн гэнэт "Сонин юм аа, Чойвол надад юм барьж мэнд дамжуулдаггүй" гэж гайхан хэлсэн гэдэг. Элч төлөөлөгчид ихэд цочирдон, эзэн минь өршөө, Чойвол надад нэгэн жижиг шат өгөөд танд барьж мэнд хүргээрэй гэсэн юм. Би тийм хэрэггүй зүйлийг яаж танд барих вэ гэж айгаад өгөөгүй, хэлээгүй юм гэж үнэнээ өчжээ. Тэгэхэд эзэн ихэд баясан инээж, "Тийм байх ёстой, Чойволоос мэнд ирээгүй байхад Өөлд хошууны элч иржээ гэж би яаж бодох вэ дээ" гэж элчийг эвгүй байдалд оруулсан гэдэг.

Ийм домог мэт яриаг миний аав Жимбэжамц, авга эгч Пагма нар их ярьдаг байжээ. Манай авга эгч Пагма "Бид чинь тэнгэр угсгаатай улс, бидний өвөг дээдэс Чойвол хүртэл бүгд тэнгэр гаралтай байсан юм шүү дээ, одоогийн та нар яаж мэдэх вэ дээ" гэж байж билээ. Бид дээд өвөг, элэнц хуланц алийг нь мэдэхгүй юм. Ямар ч гэсэн тэнгэр ястай юм гэнэ лээ гэдгээ л мэддэг. Чойвол гэгч нас барахдаа үр хойчистоо намайг наснаасаа халихаар тэр газар (газрынхаа нэрийг хэлсэн гэдэг) аваачиж хоёр шатны хамт хөдөөлүүлээд "Чойвол ирлээ" гэж чадах чинээгээрээ чанга хашгирч их дуу чимээ гаргагтун. Хөдөөлүүлснээс хойш 3 хоноод эргэгтүн. Миний цогцос шатны хамт алга болсон эсэхийг хар. Цогцос шатны хамт алга болох ёстой. Энэ миний ямар ястай болохыг харуулна. Аль нэг нь үлдсэн байвал бид цагаан ястай улс биш, тэнгэрийн удам биш байх болно гэж байсан юм гэнэ лээ. Ингээд түүнийг наснаасаа халихад хэлсэн ёсоор болгоод, 3 хоногийн өглөө нь очиход хүн хөдөөлүүлсэн гэх ул мөр үлдээгүй байсан гэдэг. Ингэж манайхан өөрсдийгөө цагаан ястай, тэнгэрийн удам гэдэгтээ улам үнэмших болж, гал голомтоо ариун байлгахыг хичээдэг болсон юм гэж байж билээ.

Эх орон, тусгаар тогнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан эх оронч өвөг дээдэсийнхээ талаар бичих нь бахархалтай ч нөгөө талаар социализмын үзэл суртлын хатуу хүлээсэнд өсч хүмүүжсэн бидний үеийнхэнд хүнд байсан юм. Бидний эцэг эхчүүд ч түүний өмнөх үеийнхэн ч Монголын түүхийн хэлмэгдүүлэлтийн зурвас үед амьдарч байсан учраас хийх үйл, хэлэх үг хориотой, эс тэгвээс хэрэгт холбогдох, байцаагдах, шоронд орох нь энүүхэнд байсан үе саяхан болтол байжээ.

Миний аав Жимбэжамц минь 1910 онд төрж 3 настайдаа дүүтэйгээ ээжээсээ өнчин хоцорч байсан ба өөрийн авга ах Жимбэ-д шавь орон бурханы ном үзэн сахил хүртэж хичээн сурсны ачаар ном хаялцах эрхтэй лам болсон гэдэг. Шавилан сууж байхдаа дамжаа барьсны дараа "Өөлдийн таван шүтээн" бурханыг арчилж цэвэрлэх, хамгаалан үйлчлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн ба энэ тухай маш сонин түүхүүдийг ярьдаг, мэддэг байж билээ.

Аав минь 1937 онд хүртэл хийддээ шавилан сууж байтал хүрээ хийдийг нь хааж, мяндаг цолтой лам нарыг баривчилж, тэдний хамт буруутган "ачигдах" болсон ажээ. Тэр үед төрсөн дүү Пүрэв нь азаар цэргийн дарга байж тааран ахыгаа сугалан авч үлдэж, цаазаар авахуулах ялаас мултлан чөлөөлж, хамаг хөрөнгөө хураалган, сүм хийд, ном судраа шатаалган суллагдсан боловч аймшигт хэлмэгдүүлэлтийн уршгаар хүнд цочролд орж галзуурсан гэдэг. Өөрийн багш авга ах нь баривчлагдаад дахин эргэж ирээгүй юм. Аав минь хүлээтэй, 2 завьжаар нь цагаан хөөс цахран, хачин аймшигтай амьтан хүн айлган хашгираад л ном уншаад л хүн амьтан ойртож чадахгүй олон хоног байсан гэдэг. Ийм аймшигтай байдалд хөгшин аав Нанжид минь үхвэл ч үхэг гэж хүлээсийг нь тавиад явуулахад Дуут Хар гэдэг уул руу гүйгээд алга болжээ. Гэтэл хэдэн хоногийн дараа сургийг нь гаргахад тэнд агуйд бясалгал хийж номоо уншин удаж буй тухай нутгийн хонины хүмүүс хэлсэн гэдэг. Ингээд сар өнгөрсний дараа аав минь зүв зүгээр болчихсон уулнаас өөрөө бууж ирээд " Хувилгаан багш болон бусад лам нартай бүгдтэй нь уулзлаа. Намайг бидний оронд нутаг усандаа, хүмүүст тус болж, буян номын үйлийг залгуулж, туслаад байж бай. Чи үхэж болохгүй шүү гэж хэллээ" гэсээр орж ирэхэд хүмүүс ч дэмийрч байна гээд бүгд айж, дөлж зугтаж байсан гэдэг.

Ялангуяа 1930-аад оны сүүл үеэс, Монгол даяар явагдсан их хэлмэгдүүлэлтийн үеэс эхлэн уламжлагдаж ирсэн Монгол үндэстний амьдралын хэв маяг багагүй өөрчлөгдсөн ч ард түмний дотор нэгэнт тогтсон дэвшилт ёс заншил амнаас ам дамжин уламжлагдаж ирсэн нь бидний хувь заяа билээ.

Тэртээ 1937 онд манай өөлд хошууны төвд байсан сүм хийд, мөн Буянт голын зүүн эрэг дээр өөлдийн лам нарын оролцоотойгоор байгуулсан дуган хийдийг устгаж, лам нарыг нь баривчилж, олонхийг нь цаазлан хороож, нилээд залуу лам нарыг нь насан туршид мөрдөх мөшгиж, олон үеэрээ шүтэж ирсэн шүтээнийг нь устгасан билээ. Бидний өвөг дээдэс бүгд л уулга алдахдаа "Ээ таван шүтээн минь" гэж хэлдэг үг нь л үлдэж дээ. Өөлд түмэн минь хааяа хийморийн сан тавиулах, өвгөд хөгшид маань "бурхан" болоход хойтохыг нь уншихад хүртэл нууцаар хүн унтсан хойно шөнө дунд хийлгэдэг байсан үнэн боловч гашуун эмгэнэлтэй түүхийг аав, бидний үе туулж, 1990-ээд оны ардчилалтай учирсан билээ. Ардчиллаас өмнө төрж өсөж, хүмүүжин ажиллаж амьдарч байсан манай үеийнхэн социалист үзэл суртлын хатуу дэгэнд нухлагдан өвөг дээдэс, эцэг эхээсээ дээр үеийн сайхан уламжлал, ёс жаягийг бүрэн гүйцэд өвлөн авч чадаагүйдээ одоо ч харамсмаар.

Миний төрсөн ах, эгч, авга, нагац нар минь нутаг ус, улс эх орондоо хайртай, хүндтэй иргэд нь байсаар буй ба эрэгтэйчүүд нь бараг ихэнх нь цэргийн алба хааж, цэргийн дарга болдог зэргээс ажиглахад удирдах, захирах, зохион байгуулах ажилд илүү чадварлаг эх орноо хамгаалах, цэцэглүүлэх үйлсэд илүү хатуу журам, жудагтай ханддаг, шударга, үнэнч зан чанартай хүмүүс байсан юм аа. Товчхондоо би ийм л өвөг дээдэсийн удам юм.

Би Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Жимбэжамцын 9 дэх хүү болон мэндэлж, ээж аавынхаа гар дээр өсөж, мөн хөгшин ээж нартаа туслан мал хариулах, аргал түлээ түүх, хурдан морь унах, нүүдэл суудалд нь туслан сургуульд сурч хүүхэд нас минь өнгөрч билээ.

Намайг бага байхад өөлдүүд шөнө дөлөөр, ямарч дуу чимээ, гэрэл гаргалгүй нүүгээд алга болдог энэ заншил Галдан Бошигт Хааны байлдааны үеийн уламжлалаас үлдсэн нь бололтой. Одоо ч хадгалагдаж буй болов уу. Уран зохиол ном сударт Галдан Хааны цэргийг манж, халх нар хөөж явахдаа шөнө нь хаашаа явсан нь мэдэгдэхгүй алдсан талаар олон дахин дурдагдсан байдаг нь үнэн бололтой юм.

Дунд сургууль төгсөж, цэргийн албанд мордон, үргэлжлүүлэн ОХУ-д Цэргийн авто-инженерийн дээд сургууль дүүргэн мэргэжлээрээ 13 жил армид алба хааж байгаад Монгол орон зах зээлийн нийгэмд шилжих үед бусдын адилаар гадаад, дотоодод ажиллаж амьдарч байсан билээ. Ингээд 2004 оноос эхлэн энерги, далд ухамсар,сэтгэл, сүнсний талаар сонирхон, судалж зохих хэмжээний мэдлэг, туршлага эзэмшин хуримтлуулж, Улаанбаатар, Эрдэнэт, Мөрөн, Даланзадгад зэрэг хотуудад эрүүл болон эрүүл мэндийн хувьд асуудалтай олон хүнтэй уулзан далд ухамсрын бясалгал дасгал заан, ойролцоогоор 4000 гаруй хүний аура гэрлэн бүрхүүлийн зургаар нь дамжуулан энерги, сэтгэл, биеийн байдлын тайлбар хийж, ухамсар баяжуулах дадал, эмчилгээ хийн үр дүнгийн талаар судалгаа явуулсан байна.



Давхардсан тоогоор 3000 гаруй хүнд сэтгэл ухамсрын сэдэвтэй тусгай лекц тавьж, ойролцоогоор 3000 гаруй хүнд далд ухамсрын дадал суулгаж, дотоодын чадамжийг нь сэрээн сэргээж эмчилж, эрүүл саруул, амар амгалан байдлыг нь богино хугацаанд олгосондоо маш их баяртай байдаг.

Мөн Улаанбаатар хотод Дээд эрүүл мэндийн хүрээлэнгээс зохион байгуулсан Билэг ухааны анхдугаар хуралд "Ухамсрын түвшингүүд" илтгэл тавьж, өөрийгөө таньж, далд сэтгэл ухамсраа удирдан хөгжүүлэхэд нь туслах зорилгоор танин мэдэхүйн болон эрүүл мэндийн ТВ нэвтрүүлэгт сар бүр тогтмол оролцож, "Бид орчлон дээр гэрэл болж ирсэн" зурагт ном гаргаж, "Зүрхээрээ сэтгэдэг Монголчууд", "Монголчуудад ухамсрын хувьсгал хэрэгтэй" зэрэг нийтлэлүүдийг эрүүл мэндийн сэтгүүл, олон нийтийн интэрнет сайтуудад бичиж хүмүүст хүргэлээ.

Энэ хугацаанд агуу зүйл энгийн байдгийг биеэрээ мэдэрсэн юм даа. Хүн сэтгэл, ухамсар, сүнсээрээ мөнх гэдэг нь Орчлонгийн хууль юм. Бидний далд биед урд төрлийн, одоо үеийн аав, ээжийн, өвөг дээдсийн сайн муу бүхий л мэдээлэл агуулагдаж мэдээллийнхээ дагуу хүвьсан өөрчлөгдөж байдаг. Үйлийн үр, удамшлын мэдээллийн дагуу хүндээр өвдөх, ажил төрөл бүтэхгүй байх, аваар осолд орох, азгүйтэх гэх мэт сөрөг мэдээллүүд эсвэл эерэг сайн мэдээллүүд цагаа болохоор гараад л ирнэ. Бид цусан болон ясан төрлөө дагаад хоёр тийшээ салбарлан 350-400 орчим жилийн цувааг үүсгэн биеийн эсийн ДНК-д өнгөрсөн 1500 жилийн мэдээлэл хадгалагдаж байдгийг баталсан байдаг. Шинжлэх ухааны эрдэмтэд одоо л Орчлон Ертөнцийн, байгалын, хүний мэдээлэл нууц руу саяхнаас л хошуурч эхэллээ.

... Өвгөн жигvvртэн бусдын нутагт vvрээ засдаггvй шиг

Өвгөдийн минь ариун сvнс эх орныхоо голомтыг эргэдэг учиртай

Эхийнхээ хэвлийд зарагдсан унага нутгаа санадаг шиг

Энэ биеийн минь сэтгэл, зvрх эх оронтойгоо vvрд оршино

Эх орноосоо мордсон хvмvvнийг ижий, аавынх нь өгсөн

Нутгийн чулуу дагуулаад ирдэг юм ...гэж хүн, байгаль, орчлон ертөнцийн мэдээлэл, амин орны нууцыг бид амьдралдаа, алхам тутамдаа мэдэрдэг агуу ард түмэн билээ.



Бид одот ертөнцийн шилжилтийн шинэ цаг үед амьдарч буйгаараа азтай юм. Учир нь бидний оюун ухаан, ухамсар, сэтгэл, сүнс сэрж шинэчлэгдэж буй нь од гариг, нар сар, тэнгэр орчлон ертөнцтэй шууд холбоотой учраас л тэр юм. Зөвхөн дотоодод биш гадаад орчинд ч, нийгэмд ч, амьдралд ч, ахуйд ч асар хүчтэй өөрчлөлтүүд гарч гайхшруулсаар...



Бараг л өчигдрийн юм өнөөдөр өөрчлөгддөг эгзэгтэй, онцлогтой цаг үед би Мөнхтэнгэрийн оньс Мөнхсаруул багштай уулзаж, танилцаж өөрийгөө дахин таниж чадсанаа Өвөг Дээдэсийн минь илгээсэн агуу Тэнгэрийн өгөгдөл даалгавар, хувь заяа минь гэж бахархан хүлээж авсан юм. Надад олон сайхан найз нөхөд,таньдаг хүмүүс ирж Мөнхсаруул багшийн тухай ярьж уулзахыг хүсэхэд миний аав лам байсан тухай,тэнгэр бөө, удган зайранд дургүйгээ хэлж, би өөрийнхөө сүнс сүлдийг хөглөж хөгжүүлж, мөн гадаадад олон нууц мэдлэг эзэмшсэн тухайгаа мөн олон янзын бясалгал, залбирал хийж чаддаг, далд ухамсар, мэдээлэл эмчилгээний талаар ихийг мэдэж буй талаар өмнөөс нь ярьж, мэдэмхийрэн жинхэнээсээ "эго" гэдгээ харуулж, гаргаж байснаа бодохоор одоо үнэхээр ичмээр ч гэх үү дээ. Гэхдээ ямарч гэсэн уулзах шийдвэр гаргаж чадсандаа одоо ч гэсэн үнэхээр баярлаж явдаг юм.



Намайг анх уулзахад Мөнхсаруул багш бодсоноос минь шал ондоо хүн, би яагаад урдьчилан түрүүлж, энэ хүний талаар ийм буруу ойлголттой байснаа гайхаж билээ. Ууулзаа ч үгүй, хараа ч үгүй, тэр хүний талаар мэдэх ч үгүй байж, яагаад ингэж цэрвэж байснаа одоо эргээд бодохоор амьдралд минь бас нэгэн том туршлага өгч билээ. Надаас миний тухай юу ч асуугаагуй мөртлөө миний тухай, миний өвөг дээдэсийн тухай шууд л шүлэглээд уншаад эхлэхэд их гайхсан юм.

... Өөрийн гэсэн бодол ухаанаа өргөж дээ хүү минь

Өндөр гэж өөрийгөө харахгүй өвгөн юм шиг юунд санадаг юм бэ

Сэтгэл итгэл чинь эрчтэй сэрэмж энэ тэр чинь хөгтэй байхад

Саатуулж юундаа гундаагаад сайхнаа мэдрэлгүй зовоож явдаг юм.

Чадал тэнхээ чинь арвин байхад чамлаж хүү минь хорьдог юм уу даа

Жаахан юм шиг багаар бодчихоод чанга хатууд нугарч байдаг юм уу даа

Эргэлзэж хүү минь итгэлээ бүү гундаа даа

Эрчтэй гэж өөрийгөө тань даа

Дүүлэн нисэх жигүүр нь таньд байхад

Дүрсэлж түүнийгээ олж хар даа... гэснээр өөрийгөө нас ахиж буй, ихийг мэддэг, мэдэмхийрдэг, үг сонсож чаддаггүй, олигтой хийсэн бүтээсэн зүйлгүй мөртлөө том боломжууд буйг ч сануулах шиг болсон. Бас

... Чадал тэнхээгээ мохоолгүй чанга хатууг бодож сур

Чиглэсэн их ухаанд чинь чин сайхан сэтгэлд чинь

Өндөр тэнгэрийн хишиг байхад

Өөрийгөө хүү минь урлан бүтээгээд өв хөрөнгөө даллан ав даа.

Эрдэм номоор мялааж эцэг өвгөд чинь тэтгэсэн л юм байна

Эвийлж чамайг өсгөхдөө энхрийлж ихээр хайрласан л юм байна

Хүчирхэг бөгөөд төгс ухаанаа олохын тулд

Хүний газарт дайлаар мордож

Харгүй сэтгэлийг өөртөө өвөрлөн

Харгуй замаа дэлгэсэн л юм байна.

Хэдэн арван халтар зоосны төлөө хүн биеэ зориулж явдаггүй

Хүч тэнхээгээ өргөхийн төлөө хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө

Уудам тэнгэртээ амгаланг зорьж

Урсах урсгалын ариуныг дандаа тэтгэж явдаг юм байна.

Бодол санаагаа тунгааж эрчлэх, болгоож хэлэх ерөөлтэй л юм байна

Буцашгүй их эрчийг чинь буулгаад өгвөл

Бурханы нэгэн тамгатай л юм байна...гэж миний бодол санааг минь уншсан даа. Би өөрийгөө бас нээлттэй, юмыг хурдан шийдэж, буруу зөвийг ялгаж чаддаг эерэг хүн гэж боддог л доо.

... Чадал тэнхээ чинь эрчтэй чанга хатуу үгтэй

Чамлахааргуй зоригтой болохоор

Чин сэтгэлд чинь ариун тэнгэрийн галыг өгч

Чиний гэсэн бурхан заяанд чинь чиглэсэн их хүч шидийг чинь

Чамбай их ухаанаар чинь хөглөн байж чангатган сайхан бөхөлж өгье.

Алтан сайхан нартаа золгоод аав л ээжийдээ дуулган хэл дээ үр минь

Ашид дээдийн заяанд төрсөн алдхан биеийнхээ нэрийг

Ариун сайхан нарандаа дуулгаж нэгэнтээ хэл дээ.

Далай цагаан сүүгээрээ дайлуулж хүү минь хэлээдэх дээ

Тариа будаа арвайгаараа тэгшилж өөрийгөө гоёодох доо.

Өндөр тэнгэр чинь өөрийг чинь танихаар

Өргөж хүүгээ авья даа.

Өнөд орших энэ л түүхэндээ

Өглөг болгон таныг дээдлэе дээ

Буцашгүй эрчээ дүүргээд ир хүү минь

Бурхан заяагаа тодотгоод ир

Гурван өглөөний нартай гарамгай сайхан золгочихоод

Газар дэлхийн эрч хүчийг гартаа буулган ивээл болгочихоод

Зориг хүчээ тэнцүүлж сайхан тодотгоод

Зовсон сэтгэлээ даатган сайхан ивээчихээд

Зоримог сайхан шулуун зангаа зүтгэх их эрч хүчээ

Зүгээр л өөртөө биежүүлж босгочихоод

Бадарсан нарны гэрлийг багтааж өөртөө шингээчихээд

Бахархам сайхан бүхнээ дуулгаж буулгаад

Буурал тэнгэрийн түлхүүртээ бууж үр минь МОРИЛ ДОО... гэсэнд өглөөний наран мандах цагаар өвөг дээдэсдээ өөрийгөө таниулж овог нэр, эцгийн болон өөрийн нэрээ хэлж сүү, арвай тариагаа өргөж эргээд Мөнхсаруул багштай уулзаж билээ.

... Дулаан сайхан суудалдаа дундаршгүй сайхан эрчтэй

Төгс төгөлдөр ухаантай төрөлх дээд язгууртай

Өнгө үзэсгэлэн төгөлдөр өөрийн гэсэн буянтай

Өргөтгөж асаах өрдөж тэгшитгэх ариун сайхан галтай

Ачлалт сайхан хүү минь гэж алтан дэлхийн нар чинь хүртэл

Авъяас билгийг чинь магтан дайлж

Алив бүхнийг чинь тэгшилж байна.

Онцгой төрсөн хүү минь од шиг сайхан гэрэлтээд

Орон дэлхийгээ баясгаж олон түмнээ тэтгээд

Нартай тэнгэрийн хур дор жаргаж нэгэнтээ баярла даа...

... Цалгисан сайхан цагаан сүүгээрээ

Өөрийн гэсэн сахиусаа өргөж нэгэнтээ залж

Өндөр тэнгэрийнхээ хайр хишгийг

Өөртөө нэгэнтээ буулгаад

Дайчин сайхан түлхүүртээ таалал болгон авч ирж

Даамаа сайхан сүнсээ аргадуулж нэгэнтээ ивээлгээд

Алтан нарны аялгууг амьд дүрээрээ эгшиглүүлж

Ардынхаа дунд мөнхөрсөн авшиг ерөөлийн дээдэд хүрсэн

Онцгой сайхан хааныхаа одот төрхийг нь гэрэлтүүлж

Олон түмэн ахан дүүсээ урьж залж

Удам урагаа таниулж угсаа гарвалаа дээдэлж дээ...гэж билээ . Энэ тухайгаа би өөрийн төрсөн том ах Цэрэндоржид хэлэхэд ах минь би энэ тухай ургийн судар номоороо дамжуулж та нартаа хэлсэн. Бидний өвөг дээдэс удам ураг минь онцгой хүмүүс байсан юм шүү дээ гэж урам хайрлан намайг дэмжиж билээ.

Энэтхэгт тусгай навчин дээрхи бичээсээр ( судраар) дамжуулж ийм мэдээллийг авах боломжтой гэж бий ойлгодог байлаа. Мөн далд ухааны агуу их мастер, гайхамшигтай зохиолч, Түвд лам Лувсандамбын "Та мөнх" номын Акашийн товчоон бүлэгт хүн, улс орон, дэлхий, сансар огторгуй бүгд мэдээллийн сантай байдаг тухай хэрвээ Акашийн товчооны долгионыг тааруулж чадвал хүссэн мэдээлэээ авч болдог тухай маш тодорхой бичсэн байдаг. Мөн Төгс гэгээрсэн Чинхай багш өөрсдийгөө хөгжүүлж чадвал хүн өмнөх болон ирээдүйн бүх мэдээллийг авч чадах тухайг ярихыг нь сонсож байж билээ. 40 гаруй жил далд ухамсар судалж, далд ертөнцтэй холбогдон олон алдартай номоороо дэлхийг гайхшруулсан Америкийн алдарт Мельхиседек Друнвало болон Монголд ийм бөө тархитай хүмүүс байсан ба хутагт, хувилгаадууд ч олон төрж байсан тухай уйдталаа уншиж, мэддэг байсан болохоос яг хажууд минь тэр агуу чадвартан - Мөнхсаруул багш минь байгааг анзаараа ч үгүй явж билээ. Тиймээс надад энэ сүнснийхээ, ДНК-ийн мэдээллээ хүлээж авахад ямар ч эргэлзээ байгаагүй юм аа.

Би сахиусаа таниулж буулгахаас өмнө нэгэн зүүд зүүдэлж билээ. Миний зүүд их зөнтэй далд ертөнцөөс холбогдох зүүд андашгүй мартагдахааргүй тод байдаг. Энэ зүүдэнд 40 дөхөм насны эр хүн урт цагаан үстэй бас цагаан өмд, цамцтай ба завилан суугаад надад нэгэн тавган дээр дөрвөлжин зүйл тавиад надад өглөө. Надад энэ юм өгч буй хүнийг энгийнээс энгийн, даруухнаас даруухан хүн шүү гэж ойлгуулж байв. Би тэр өгсөн зүйлийг нь авч учраа ололгүй дээр нь ус хийгээд уулаа. Гэтэл нэг л биш ээ. Дахиад мөн энэ зүйлийг давтан надад өглөө. Яагаад ч юм ярьж ойлголцохгүй байсан юм. Дахиад л ус хийгээд уулаа. Гэтэл давтан өгч байнаа. Би за ямар ч гэсэн ууж, идэх зүйл биш юм байна гэдгийг би ойлгон тавган дээрээс өгч буй зүйлийг авч сөхөж харвал цагаан өнгийн цэвэрхэн цаастай, нимгэн дэвтэр байсан юм. Намайг дэвтэр байна гэдгийг авч ойлгон харахад тэр хүн хичнээн их баярласан гээч. Би ч бас их баярласан юм даа.Тэгээд би сэрээд бодохнээ тэр хүн маань миний сахиус байсан ба судар ном буулгах ёстой гэдгийг ойлгуулсан юм байна гэж ойлголоо. Мөн би яагаад залуугаасаа цагаан үстэй, яагаад цагаан өнгийн цамц, хувцас миний хамгийн дуртай өмсгөл байсныг ойлгож, үсээ дахин будуулахаа больсон юм. Би сахиусаа зүүдэндээ ингэж анх харж билээ. Одоо зүүдээ эргээд санахаар маш тод санасаар байдаг ба яагаад ч юм нулимс асгарчих гээд байдаг юм.

...Буянтай сайхан хүүгээ буулгаж нэг тухлуулья даа

Буян заяа хоёрыг нь бадруулж нэг гэрэлтүүлье дээ

Босоо тэнгэрийг нь өргөн байж

Болж бүтэх ерөөлийг нь дээдлэн байж

Бууршгуй хүчтэй хааныхаа суудлыг

Бузгай сайхнаар эгцлэн тэгшлээд

Бууж суух хоног юуг болгоож нэгэнтээ хэлье дээ.

Эрчтэй сайхан хүү минь

Эрдэнэт сайхан тэнгэрийн

Ивээл ерөөлөөр бүрдсэн

Хосгүй сайхан арван тавны өдөр

Хорвоо ертөнцийн нарыг

Дүүрч сайхан халгилаад

Түвшин сайхнаар тодроод

Өнгө гэрлээр чимэгдэхийн өдөр

Өө сэвгүй бурхан сахиусаа

Өвөг дээдсээсээ дуудуулан байж

Өнөд орших энэ л биендээ

Өглөг болгон урлаарай... гэж сахиусаа таниулах, буулгах ёслол болж, би өөрийн ах, эгч, төрөл төрөгсөд, найз нөхдөө өмнө нь сахиусаа буулгасан хаад, хатад бүхнийг урьсан юм. Миний урилгыг хүлээн авсан бүхэн ирсэн нь бас л учиртай байжээ гэдгийг ойлгож, их баярласан юм. Энэ тухайд:

... Эгэлгүй сайхан бурхад бүхэн чинь элч болсон

Энэ ертөнцийн гэрэл болсон

Дагшин сайхан хаад хатад чинь

Даамай сайхан ахан дүүс чинь

Төрөл төрөгсөд түмэн олон чинь

Тэтгэж чамайг ивээхээр

Тэнгэрийн хишгийг нь хүртэж нэгэнтээ ачлахаар

Хосгүй сайхан суудлыг чинь ховордуулахгүй мялаахаар

Хор санасан сэтгэлтэй бүхнийг

Хааж бүхнийг хамхин цагдахаар

Дэлгэр сайхан хүүгээ

Дэмнэн байж ирсэн байна

Тэнгэрийн хишиг хувь бүхнийг дуудан байж ирсэн байна

Өглөг буяныг чинь дээдлэн нэгэнтээ дуудаж

Өндөр сайхан язгуурыг чинь хишиг бүхнээр дүүргэх гэж

Хүч тэнхээ юунд чинь хөх тэнгэрийн шидийг урлах гэж

Хөлгөн сайхан сударт чинь хүмүүний ертөнцийн гэрлийг буулгах гэж... гэхчилэн сударт буусан юм.

... Өгөөмөр тэнгэр чинь хувь хишгээ хайрлаж

Өөрийн гэсэн бие, сэтгэл, итгэлд чинь

Эрч хүчийг дуудан буулгаж

Тэнгэрлэг сайхан сүнсэнд чинь

Тэнгэрийн тамгыг бөхлөн буулгаж

Төгс сайхан хувь заяаг чинь

Төгөлдөр болгон чимэхээр

Тэнгэрийн дээд орноос

Бурхад бүхэн залран бууж

Тэртээх мянган зууны

Түүхээр урлагдаж нэгэнтээ бөхлөгдөж

Эртний түүхээр амилан нэгэнтээ тэгширч

Эрин цагийн гэрлээр итгэл болгон өргөх

Сайхан цагийн гэрэл гэгээ бүхнийг

Саран нарнаасаа буулгаж өгье.

Толигор сайхан төрхөнд чинь

Тодоос тод хувь хишгийг

Дуудаж нэгэнтээ эрчилж

Тольт сайхан мэлмий юуг чинь

Торго шиг сайхан өнгөлж өгье

Эцэг өвгөдөөс чинь улбаалсан

Энгүй хүч нь арвин билээ

Эрдэм оюунд чинь шингэсэн бүхэн

Итгэлт нарны хүч нь билээ

Төрсөн нэгэн цагаасаа

Түвдэх нэгэн зовиурыг эдэлж нэгэнтээ зүдэрсэнгүй

Торж түүн дээр доройтон байж

Дундуурдаж нэгэнтээ зүдэрсэнгүй

Бодлого оюун чинь төгс байсан болохоор

Болгоох ерөөл чинь дүүрэн байсан болохоор

Буян хишиг чинь арвин байсан болохоор

Бузгай хүү минь буртаг сэвгүйгээр

Бурхан суудалд ирж нэгэнтээ тухлахаар

Энэ өдрийг таалан байж

Итгэл бишрэлээр дүүрэн байж

Эгэлгүй хайранд нь өлгийдүүлэн байж

Эзэн болсон заяагаа

Хүндэтгэл хайрын дээдээр

Өргөн нэгэнтээ тодотгож

Хөх сайрын нутгаасаа

Хөглөгдөж нэгэнтээ ирсэн

Хошуу нутгаасаа ачлагдаж нэгэнтээ ерөөгдсөн

Ховор нандин ерөөл дор хас тамгаа эрчлэн бууж

Хамаг Монголоо дээдлэн бууж

Хүндлэл хайрын дээдээр

Өргөж нэгэнтээ ачлахаар

Өгөөмөр сайхан Хайду хааны

Өмөг түшиг ачлалт сайхан аавынх нь

Ариун дагшин сүнсийг

Алд биендээ урлахаар

Арга ухаандаа тэгшитгэхээр

Энэ л өдөр дуудагдан байж

Эрхэт тэнгэрээрээ залуулан бууж

Ивээсэн тэнгэрийнхээ хайраар

Өлгийдүүлэн ачлагдаж

Өндөр дээд язгуураа

Өөрийн биедээ ачлахөөр

Өнө Монголын түүхийг

Өргөж ачлан төвшитгэхээр

Заяа буянаа өргөн байж

Зам зуураа тэгшлэн байж

Зөв мэдрэмжээ эрчлэн нэгэнтээ хурцалж

Зүйргүй сайхан суудалдаа золгож нэгэнтээ суух гэж байна... Энд миний төрсөн газар Хөх сайр бөгөөд Цаст Цамбагарав Хайрханы өвөр бөгөөд ээж, аав, өвөг дээдэсийн минь амьдарч байсан нутаг.

 /Үргэлжлэл болох 2 дугаар хэсгийг энд дарж уншина уу/

 Элжигэн овогт Жамбажамцын Отгонбаатар 

 

 

: 2015-07-17 : 3910

Хамгийн их уншигдсан